А.Гэгээ Нидерландын хааны ордонд бүтээлээ дэлгэсэн Монголын анхны зураач болох нь. Нидерландын хааны нэрэмжит, 154 дэх уран зургийн шагналын эзнийг энэ сарын 31-нд тодруулна. Өнөө жилийн шалгаруулалтад 379 зураач 1000 гаруй бүтээлээ ирүүлжээ. Тэднээс сүүлчийн шатанд шилдэг 15 зураачийг шалгаруулахад залуу уран бүтээлч А.Гэгээ багтсан байна. Тэрбээр Парис, Лондон зэрэг хотод бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн жил олны хүртээл болгож байв.
Шагнал гардуулах ёслол Амстердамын хааны ордонд болох бөгөөд шилдэг уран бүтээлчийг тодруулсны дараа сүүлийн шатанд шалгарсан 15 зураачийн бүтээлээр үзэсгэлэн гаргах юм байна. Шилдэг зураачдын бүтээлээс бүрдсэн эл үзэсгэлэнг гуравдугаар сар дуустал олны хүртээл болгох бөгөөд үнэ төлбөргүй гэнэ.
Уг шагнал нь Нидерландад амьдарч буй шинэ, залуу зураачдад олгодог хамгийн эртний шагналуудын нэг юм. Орчин үеийн уран зургийн бүтээлүүдийг дэмжих зорилготой бөгөөд Виллем Александер хаан болон түүний гэр бүлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдгаараа онцлогтой.
У.Сүрэн