Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн төслийг “Трансвест Монголиа” компаниас дэмжихээр болжээ. Хүнд даацын тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлдэг дээрх компанийнхан хүүхэд хамгааллын шилдэг, үр дүн гаргахуйц төслийг шалгаруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх гэнэ. Ингэхдээ хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь дэмжихийн тулд сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн аж. Иймд дээр дурдсанаас гадна хүүхэд, өсвөр үеийнхний бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, эмзэг бүлгийн болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах төслөөр ч оролцож болно.
Сонгон шалгаруулалтад оролцох байгууллагууд нь энэ чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай юм билээ. Мөн эл шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуулийнхан ч оролцох боломжтой. Төсөл хүлээн авах хугацаа ирэх сарын 25 хүртэл үргэлжлэх нь.
А.Тэлмэн