Үр хөндүүлэх эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон төдийгүй жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүүтэй байх тохиолдол ихэсчээ. Тухайлбал, сүүлийн 30 жилд үр хөндөлтийн улмаас нэг сая хүүхэд хорвоод мэндэлж чадалгүй буцсан бол манай улсын 10 эмэгтэй тутмын долоо нь үр хөндүүлж байна гэх цочирдом тоо гарсан байна. Мөн нийт халдварт өвчний 45.7 хувь нь бэлгийн замынх гэнэ. “Өнгөрсөн онд үр хөндүүлсэн 18.316 тохиолдол эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн нь эндсэн хүүхдийн тооноос ч олон (84.019 нялхас мэндэлж, 17.492 хүүхэд нас баржээ) байна” гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэллээ. Үүний цаана эрүүл мэндийн байгууллагад хандалгүй үр хөндүүлэх эм авч уусан, нууц тохиолдол хэчнээн байгааг таахад бэрх байгааг холбогдох албаныхан дуулгасан. Гэвч үр хөндөлтийг хориглох гэж улайрах биш, харин иргэдийн, тэр дундаа хүүхэд, залуусыг нөхөн үржихүйн тухай мэдлэг, мэдээллээр сайтар хангах шаардлагатайг талууд онцоллоо.
Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Асуудлыг шийдвэрлэх гол гарц нь иргэд гэр бүлээ зөв төлөвлөж сурах юм. Хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ төлөвлөдөг болох нь тухайн гэр бүл төдийгүй улсын хөгжилд ч чухал хувь нэмэр оруулдаг нь нотлогдсон. Хүүхдүүдэд өсвөр наснаас нь энэ талаарх мэдээллийг олгох нь чухал” гэж онцолсон юм. Дэлхийн хүн амын өдрийн хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангийнхан хамтран дээрх асуудлаар зөвлөлдлөө. Уг нь Дэлхийн хүн амын өдөр долдугаар сарын 11-нд тохиодог ч Үндэсний их баяр наадамтай давхацсан тул түр хойшлуулж, өчигдөр тэмдэглэсэн нь энэ.