Манай оронд 20 гаруй төрлийн могой бүртгэгдсэнээс 3-4 нь хортой юм байна. Хамгийн хортой могойд тооцогддог бамбай хоншоорт нийслэлийн ногоон бүсэд түгээмэл аж. Уг амьтан хотын барилгажсан хэсэгт орж ирж болзошгүй тул могойд хатгуулахаас сэргийлэх, энэ үед ямар арга хэмжээ авах талаар анхан шатны мэдлэгтэй болох шаардлагатай гэж нийслэлийн Байгаль орчны газраас сэрэмжлүүллээ. Хэдийгээр хүн хазуулсан тохиолдол гараагүй ч өнгөрсөн онд гэхэд бамбай хоншоорт хотод 5-6 удаа үзэгдсэн гэж бүртгэгджээ. Бамбай хоншоортыг цочоовол хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг гэнэ.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд энэ зун могойд хатгуулсан зургаан тохиолдол илэрч, нэг хүн нас бараад буй юм.