Хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Цэргийн төв эмнэлэг болон Хавдар судлалын үндэсний төв хамтран ажиллахаар болж, өчигдөр удирдлагууд нь гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Цэргийн төв эмнэлэгт хавдрын тасаг нээн, эмч, мэргэжилтнүүдийг энэ чиглэлээр дадлагажуулж, мэргэшүүлэх юм байна. Ингэснээр эхний ээлжинд хэвлийн хавдрын мэс засал хийх боломж бүрдэх юм. Цаашид цээжний хөндий, толгой хүзүү, ясны гээд ХСҮТ-д хийдэг ихэнх мэс ажилбарыг гүйцэтгэдэг болох юм.
“Бидний хамтын ажиллагаа өнөөдөр эхэлж байгаа юм биш. Цэргийн төв эмнэлгийнхэн манай эмч нартай хамтран сүүлийн гурван жилийн хугацаанд элэг, нойр булчирхайн мэс заслыг амжилттай хийсэн. Эдгээр нь хэвлийн хөндийн хүнд мэс заслын тоонд ордог. Харин одоо эмч нараа хавдрын мэс засал талаас нь сургаж, чадавхжуулах, мэргэшүүлэхэд хамтран ажиллах боллоо” гэж ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн ярилаа.
Цэргийн төв эмнэлэг Австри улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд эмч мэргэжилтнүүд нь ур чадвар өндөртэйг тус эмнэлгийн дарга, хурандаа Ч.Гүрбазар онцлоод “Манай эмнэлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар болон нийслэлийн Баянзүрх дүүргийн хүн амд хавдрын мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах шаардлага бий. Манай эмч нар мэс заслын чиглэлээр маш чадварлаг болж байна. Гэхдээ хавдрын мэс засал их түвэгтэй. Бид энэ талаас нь эмч нараа сургаж хөгжүүлэхээр болж байгаа нь маш чухал” гэв.
Цэргийн төв эмнэлэгт жилдээ 15 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлж, 170 гаруй мянган хүн амбулаториор үйлчлүүлдэг бөгөөд 2000 гаруй мэс засал хийдэг аж.