Нидерланд улсын Гаага хотод болсон “United Nations Public Service Forum 2017” арга хэмжээний үеэр манай улсын ЭХЭМҮТ НҮБ-аас олгодог төрийн буюу нийтийн үйлчилгээний тэргүүн байрын цом, албан ёсны гэрчилгээ хүртжээ. Энэхүү шагналыг тус эмнэлэг Монгол Улсаас анх удаа авч буй аж.
ЭХЭМҮТ 2007 оноос “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд телемедицинийг нэвтрүүлсэн нь” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Дэлхийн улс орнуудын Засгийн газраас НҮБ-д 552 төсөл өргөн барьснаас гурван төрлөөр найман төсөл шалгаруулсны нэгд нь ийн багтжээ. Зайн оношилгооны уг төслийг хэрэгжүүлснээр гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад хугацаа алддаг алслагдсан аймгуудын иргэдэд үр өгөөжөө өгсөн юм.
Дашрамд дуулгахад, 2015 онд Монгол Улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшнээс 4.6 дахин, 1992 оны суурь үзүүлэлтээс 7.8 дахин буурсан байна.