Наранд борлох нь арьс эрүүл байгаагийн шинж биш, харин ч арьс гэмтсэний илрэл гэнэ. Ийм анхааруулгыг Их Британийн Эрүүл мэнд болон Цаг уурын албанаас өгчээ. Эл хоёр байгууллагаас явуулсан судалгааг үзвэл, Их Британийн эцэг, эхчүүдийн гуравны нэг нь наранд арьсаа борлуулах хүүхдүүдэд хэрэгтэй хэмээн ташаа ойлголттой байна.
Хортой хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсан дахь эсүүд нарны туяаг шингээхийн тулд меланин гэдэг хар өнгийн пигмент ялгаруулснаар арьс борлодог ажээ. Наранд хэт удаан байвал нас ахисан хойноо арьсны хорт хавдартай болох эрсдэлтэйг дээрх хоёр байгууллага анхааруулж байна.
Хүүхдүүдийн арьс насанд хүрэгчдийнхээс илүү эмзэг байдаг. Тиймээс зургаан сар хүрээгүй нярайг наранд байлгаж болохгүй аж. Хэдийгээр нарны туяа бие дэх Д амин дэмийн хэмжээг нэмэгдүүлдэг ч ийм боломжийг хэтрүүлэх хэрэггүй гэж доктор Найжел Ачесон зөвлөж байна. Түүний зөвлөснөөр, ямар нэгэн хамгаалалтгүйгээр долоо хоногт нийтдээ 10-15 минутаар хэд хэдэн удаа наранд байхад л хангалттай гэнэ.