Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 6-ны 16.30 цагийн үед долоон настай Т гэх хүү амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэдийгээр цахилгаанд цохиулж амиа алдсан гэж дуудлага өгсөн ч хэргийн газрын үзлэгээр бусдад хорлогдсон нь тогтоогдсон юм.
Хүүгийн аавтай дотно харилцаатай байсан, 1992 онд төрсөн З.Сэлэнгэ гэх эмэгтэй гэр бүлээс нь салгаж суухын тулд уг хэргийг сэдэж, 1998 онд төрсөн үеэл дүү П.Барсболд нь хүүхдийн амийг бүрэлгэсэн талаар тухайн үед хэвлэлээр мэдээлж байв. П.Барсболд өмнө нь хулгайн хэргээр хоёр удаа ял шийтгүүлж байсан юм. Дорнод аймгийн Прокурорын газраас З.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15, 114.3 дахь хэсэгт заасан өс хонзон санаж, захиалгаар, урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, насанд хүрээгүй хүнийг уруу татаж, хүний амь бүрэлгэх гэмт хэрэг үйлдсэн, П.Барсболдод дээрх зүйл заалтаас гадна бусдын эд хөрөнгө хулгайлсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Дорнод аймгийн Сум дундын анхан шатны шүүх энэ сарын 21-нээс хоёр өдөр уг хэргийг хэлэлцээд П.Барсболдыг 18 нас хүрээгүй байхдаа хүний амь бүрэлгэсэн хэрэг захиалгаар үйлдсэн, бусдын эд хөрөнгө давтан хулгайлсан гэм буруутайд тооцон 15 жил хорих ял оноолоо. Харин уг хэргийг захиалсан З.Сэлэнгэд 23 жил хорих ял шийтгэв.