“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр орон даяар эхэлсэнтэй холбогдуулан 40-65 насны иргэдийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон худалдааны төв, хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдэд үзлэг, шинжилгээ хийх явуулын станц ажиллуулжээ. Тодруулбал, “Шөнийн зах”, “Амгалан зах”, “Баянзүрх” худалдааны төв болон “Everyday” сүлжээ дэлгүүрт тус дүүргийн Эрүүл мэндийн төв, зарим хувийн лабораторийн ажилтан 09.00-15.00 цагийн хооронд шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ С вирус илэрсэн иргэдийг үнэ төлбөргүй вирусээ тоолуулах боломжоор хангаж, холбогдох лабораториудад зуучилсан аж.
Цаашид “Сандей”, “И-Март” худалдааны төвд В, С вирус илрүүлэх шинжилгээ авах боломж бий, эсэхийг судалж байгаа талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтан хэлсэн юм. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд дээрх явуулын станцуудад дүүрэг харгалзахгүй хандах боломжтой. Дашрамд, өнөөдрөөс дээрх явуулын станц есдүгээр сарын 15-ныг хүртэл “Everyday” худалдааны төвд 09.00-15.00 цагт ажиллах юм байна.