Шил толь болсон найман давхар барилгын үүдэнд өндөр настан голдуу хүмүүс баяр хөөр болон сууна. Учир байдлыг лавлавал, Баянгол дүүргийн ахмадууд эмнэлэгтэй болж буй нь тэр аж. Гэхдээ дан ахмад бус тус дүүргийн хүүхэд багачууд ч үйлчлүүлэх боломжтой юм байна. Баянгол дүүрэгт ахмад настан болон хүүхдийн нэгдсэн эмнэлэг өчигдөр үүдээ нээв. Тус эмнэлгийн 3-5 дугаар давхрыг ахмад настан хэвтэн эмчлүүлэх, 6-8-ыг нь хүүхдийн тасаг болгон тохижуулжээ. Намар, өвлийн улиралд ханиад, томуу дэгддэг учраас улсын бусад эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор ирэх есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдэд үйлчлэх гэнэ.
Нийслэл, дүүргийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан уг эмнэлэг дотор, мэдрэл, зүрх судас, уламжлалт, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн чиглэлээр үйлчлэх бөгөөд 60 гаруй эмч, мэргэжилтэн ажиллах ажээ. Эмнэлгийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж нас нэмэгдэж буй учраас ахмадуудынхаа эрүүл мэндэд илүү анхаарах шаардлага гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн бүх дүүргийн эмнэлгийн дэргэд ахмадын эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс өмнө Сонгинохайрхан дүүрэгт ийм эмнэлэг ашиглалтад орсон ” гэв.
Баянгол дүүрэг нь хүн амынхаа тоонд харьцуулсан үзүүлэлтээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангасан жишиг дүүрэг болж буй аж. “Манай нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 51 орчим хувь нь ахмадууд. Тэд сэргээн засах, хөдөлгөөнт, сэтгэл заслын эмчилгээ авах хүсэлтэй байдаг. Өдөртөө 100-150 ахмадад үйлчлэх хүчин чадалтай” гэж Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Эрдэнэбат ярив. Шинэ эмнэлгийн суурин дээр амбулартори ажиллаж байсан бөгөөд тэнд залуу насаа өнгөрүүлсэн ахмад ажилтан Д.Доржсүрэн, Ш.Дарьсүрэн нар “Цагаан нөмрөгөө тайлаад ажлаа хүлээлгэн өгөхөд нулимс гарч байлаа. Харин өнөөдөр ийм сайхан эмнэлэгтэй болсондоо баярын нулимс унагаж байна” гэцгээв.