С аминдэмийг антибиотиктой хавсран хэрэглэх нь хорт хавдрын үүдэл эсийг устгахад гайхамшигтай нөлөөтэйг Их Британийн Сэлфордын их сургуулийн судлаачид илрүүлжээ. Тэд эд болон сийвэн дэх концентрацаараа нянгийн өсөлт, үржлийг саатуулах үйлчилгээтэй доксициклин эмийг аскорбины хүчилтэй хослуулан хөхний хорт хавдрын эсэд туршилт хийсэн байна.
Энэ нь хавдрын эсрэг бусад эмийг дангаар нь хэрэглэснээс 100 дахин илүү нөлөөтэй байсан аж. Судалгааг удирдсан профессор Майкл Лисанти “Бидний үр дүн хавдрын давтамж, цаашдын өвчлөлийг зогсооход нэмэр болно. Хэдийгээр энэ их чухал судалгаа боловч одоогоор лабораторийн туршилтын шатанд яваа. Амьтан, хүн дээр хараахан туршаагүй учраас гэртээ хэрэгжүүлж болохгүйг анхааруулъя” гэжээ.