Дэлхийн донорын өдөр уржигдар тохиов. Уг өдрийг “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриатайгаар тэмдэглэсэн бөгөөд ЦССТ, ОБЕГ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран доноруудад хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 33.000 орчим донор цусаа бэлэглэснээс, 15 нэр, төрлийн 82 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн гарган, эмнэлгүүдийн хэрэгцээг хангажээ.
МУЗН 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүнийг “Хүндэт донор” цолоор өргөмжилдөг. Энэ жил нийслэлд 52 донор тус цолны болзол хангасан байна. “Хүндэт донор”-оор 21 настай Б.Бямбажав тодорсон бол 17 жилийн турш 200 удаа цусаа бэлэглэсэн Д.Бум-Эрдэнэ “Топ донор” болов. Дашрамд дуулгахад, аливаа орны хүн амын гурван хувь нь цусны донор бол тухайн улсын цус, цусан бүтээгдэхүүн хангалттай гэж үздэг бөгөөд манайд 1.8 хувьтай байна. Тиймээс цус хандивлах хүний тоог нэмэгдүүлэх шаардлагатай аж.