ОХУ-д 3-12 насны 12 хүүхэд эмэнд хордож, амиа алдсан хэрэг хэд хоногийн өмнө гарсан. Хүүхдүүд эмэнд маш хүчтэй хордсон бөгөөд хэн нь ч анхан шатны тусламж авч чадалгүй, гэртээ болон эмнэлэг хүрэх замдаа нас баржээ. Тус улсын эмийн бүртгэлд байхгүй, гадаадаас авчирсан гэх хуурамч эмнээс хүүхдүүд хордсон болохыг ОХУ-ын холбогдох албаныхан тогтоосон гэнэ.
De facto.cc цахим хуудсанд мэдээлснээр амоксициллин, капесула, ибупрофен, ингалипт, панадол, сансол зэрэг эмийг хүүхдэдээ огт өгөхгүй байхыг анхааруулсан байна. Хэрэв эмийн харшил илэрвэл кетотифенийг таллаж болон бүтнээр нь, эсвэл фенистилээс 10-15 дуслыг өгөхийг зөвлөжээ.
Хойд хөршид гадаадаас авчирсан гэх хуурамч эмнээс хүүхдүүд олноороо хордож, амиа алдсан байхад манай ЭМЯ, МХЕГ-ынхан чимээгүй сууна. Хуурамч эм манай хилээр орж ирэхээс хэрхэн сэргийлэх талаар лавлахад “Манай яам бодлого боловсруулдаг болохоос хяналт тавьдаггүй. Мэргэжлийн хяналтын газартай бид холбоотой ажилладаг. Хилээр хуурамч эм орж ирсэн тохиолдол байхгүй” гэсэн бол МХЕГ-ынхан энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй байв.
Манай наймаачид ОХУ-аас эм, био бэлдмэл, дархлаа сэргээх лаа зэрэг бүтээгдэхүүнийг цүнх, савандаа хийгээд авчрах нь түгээмэл. Ийм байхад харьяа газрууд мэдээлэлгүй байгаа нь харамсалтай.