Хэдхэн жилийн өмнө хар тамхи, мансууруулах бодисын дамжуулагч орноор дэлхийд танигдаж байсан манай улсыг өдгөө мансууруулах бодисын хамааралтай 75 мянган иргэнтэй, хэрэглэгч орон болсон гэх судалгааг НҮБ-аас гаргажээ. Хэрэглэгчдийн тоо жилээс жилд олширч, нас нь залуужиж буй өнөө үед хар тамхины хэрэглээг хянах боломжгүй болсон талаар төрийн бус байгууллагынхан хэлдэг.
Урлаг соёлын алдартнуудаас эхлээд хууль хяналтынхан сүүлийн жилүүдэд хар тамхи нууцаар нэвтрүүлэх, хэрэглэх явдал ихсэж буй нь үүний нотолгоо. Тээврийн прокуророор ажиллаж байсан Х.Тамир, тагнуулын байгууллагын ажилтан Б.Амарбаясгалан нарыг энд дурдаж болно. Тэгвэл хар тамхи хэрэглэсэн алба хаагчийн тоо нэгээр нэмэгдлээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 30-ны 01.00 цагийн үед Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дахь “Бриллиант” (хуучнаар) шөнийн клубийн орчимд хар тамхи хэрэглэж байсан нэгэн этгээдийг баривчилсан байна. Түүний машинаас нь 0.5 грамм мөс буюу метафетамин хураан авчээ. Сэжигтэнд цусны шинжилгээ хийж, хар тамхи хэрэглэсэн болохыг тогтоожээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн хөдөлгөөн зохицуулагч аж. Тэрбээр 25 настай бөгөөд цагдаагийн дамжаанд сурч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас тус хэлтэст хөдөлгөөн зохицуулагчаар ажиллаж эхэлжээ. Өөр нэг эх сурвалж түүнийг албан тушаалаа урвуулан, бусдаас хар тамхи үнэгүй авч, худалддаг байсан гэх мэдээлэл өгөв.
Цагдаагийн байгууллагынхан өөрсдөө түүнийг илрүүлэн ажлаас нь халж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.