Төв Евразийн орнуудын “Шим тэжээлийн чуулган 2017” манай улсад боллоо. “Монголын хүн амын шим тэжээлийн байдал” сэдвийн дор зохион байгуулсан уг чуулга уулзалт өчигдөр Азийн орнуудын шим тэжээлийн өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар үргэлжлэв.
Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд шим тэжээлийн доройтол, түүнээс үүдэлтэй өвчлөл нэмэгдэж буй аж. Ялангуяа Азийн орнуудын оршин суугчид шим тэжээлийн дутагдалд орох нь ихсэж буй гэнэ. Хүнсэндээ өөх, тос, мах голдуу хэрэглэдэг манай орны иргэд амин дэмээр баялаг ногоо, жимс түлхүү хэрэглэх шаардлага тулгарчээ. Мөн хооллолт болон хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ ч сайжруулах хэрэгтэйг чуулганд оролцсон төлөөлөгчид онцлов.
“Sight and Life” компанийн захирал Клаус Краемер “Монголчууд хүнсэндээ Д аминдэм агуулсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь зүйтэй. Аминдэмийн дутагдлыг нөхөж байхгүй бол дархлаа суларч, сүрьеэгээс авахуулаад олон төрлийн өвчинд өртөмтгий болно” хэмээн ярив. Тэгвэл ХХААХҮЯ-ныхан 2020 он хүртэл “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилт дэвшүүлэн, “Мах, сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх талаар мэдээллээ.