Нийслэл хотод улиасны цагаан хөвөн энд тэндгүй хийсч ургамлын харшилтай хүмүүсийн зовлон эхэлж байна.
Бүх улиаснаас хөвөн ялгардаг уу, энэ нь эргээд хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ, харшлаас хэрхэн сэргийлэх вэ гэх мэт асуултууд олны анхаарлыг татсаар ирсэн билээ.
Улиас модноос цагаан хөвөн ялгарах нь ойролцоогоор нэг сар үргэлжилнэ. Бүр тодруулбал, зургаадугаар сарын 15-аас долдугаар сарын 20 хүртэл хугацаанд улиас мод үрээ салхиар тараадаг байна. Хавар болон намрын улиралд эр улиас нь эм модондоо тоос хүртээж энэ нь биологийнхоо явцаар нахиа хөөн задарч, үрээ салхиар тарааж эхэлснээс ийнхүү цагаан хөвөн шиг зүйл ялгардаг аж.
Харин энэ төрлийн хөвөнгөөс харшилтай хүмүүс гадуур гарахдаа амны хаалт зэргийг тогтмол зүүж, битүү орчинд байхыг хичээгээрэй. Эдгээр ургамлыг ургах явцад нь хадах зэргээр дохиурын тоосоо тархуулахгүй байх арга хэмжээг авч байвал ургамлын харшлаас айх зүйлгүй байх аж.