“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-65 настай, эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэний элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ, оношилгоо, эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон. Олон нийтэд хүлээлт үүсгэсэн уг ажлыг энэ сарын 25-наас эхлүүлэхээр болжээ. Одоогоор дээрх насны иргэдийн судалгаа, вирус үнэгүй тоолох лабораторийн нэрсийг гаргаж буй аж.
Нэг хүний элэгний вирус илрүүлэх оношлуурыг 2800 төгрөгөөр тооцон сум, өрхийн эмнэлэгт олгох бол тоолох зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь гаргах юм. Элэгний вирус тоолох хагас автомат лабораторийн өртгийг 80, бүрнийг нь 120 мянган төгрөгөөр тооцож буй аж. Ингэхдээ нэг хүн элэгний вирусээ хоёр удаа үнэгүй тоолуулах боломжтой.
Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 240 мянган төгрөг олгохоор төлөвлөсөн төдийгүй 40-65 насны иргэдэд зориулсан өвчнөө эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван төрлийн багц гаргажээ. Нэг багц нь 50 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үүнд нь элэгний хавдар илрүүлэх шинжилгээ ч багтсан гэнэ. Мөн элэгний С вирус устгах таван төрлийн эмийн хайрцаг тутмаас 210 мянган төгрөг хөнгөлж буй.