Эмэгтэйчүүдийн дотуур хувцас буюу хөхөвч нь хөхний хорт хавдартай болох эрсдэлийг 21 дахин ихэсгэдэг болохыг Америкийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Хөхөвч зүүдэггүй эмэгтэйчүүд хавдартай болох магадлал бусдаасаа 21 дахин бага байдаг. Харин хөхөвчийг хоногт 12-оос цөөн цаг зүүдэг эмэгтэйчүүд хавдартай болох магадлал хөхөвч огт зүүдэггүй эмэгтэйчүүдээс 10 хувиар их байдаг ажээ.
Өдөржин хөхөвч зүүдэг эмэгтэйчүүд сүүний булчирхайн хорт хавдар тусах магадлал ерөөс хөхөвч зүүдэггүй хүүхнүүдээс 125 дахин их байдаг гэнэ. Эндээс судлаачид дараах зөвлөгөөг өгчээ.
1. Хөхөвчтэйгөө унтаж болохгүй -Энэ нь эрсдэлийн хамгийн аюултай хүчин зүйл.
2. Бариу байх тусам сүүний болон тунгалгийн булчирхайн эдийг гэмтээдэг болохыг хөхөвч худалдаж авахдаа сана.
3. Хөхийг хэт өргөсөн хөхөвчнөөс зайлсхий.
4. Нийлэг зөөлөвчтэй нейлон хөхөвчнөөс татгалзаж, хөвөн даавуун материалтайг сонгоорой.
5. Спорт хөхөвч өдөр бүр зүүх хэрэггүй. Тийм хөхөвч хөхийг хэт хүчтэй дардаг.
6. Мөрөвчгүй хөхөвч хамгийн аюултай. Хөхний жин нь хөхөвчний хоёр хажууд даралт өгснөөр тунгалгийн зангилаануудыг шууд дардаг байна.
7. Эрүүл хөхтэй байя гэвэл хөхөвчнөөс бүрмөсөн татгалз!
Төрсний дараа хөх хэлбэрээ алдаж, хуучин хэвэндээ ордоггүй гэдэг. Тэгвэл судлаачид дасгал, тосон түрхлэгтэй иллэг хийж, хөхөө засах арга хайж, эцэст нь, өмсөх хувцсаа зөв сонгохыг зөвлөжээ.
Жишээлбэл, биеийн галбирыг тодотгосон бариу цамц өмсөхөөс зайлсхийж, сул цамц сонгох нь зүйтэй. Бусдын анхаарлыг хөхөндөө татахгүйн тулд тод өнгийн зүүлт, гоё бүс бүслээрэй. Мөн хөхөө халхлахын тулд хүзүүний янз бүрийн гоёмсог алчуур зүүж болно.
Хөхөвчнөөс бүрмөсөн татгалзах нь зөв үү? Америкийн судлаачдын зөвлөгөөг мөрдөхийн өмнө Оросын мэргэжилтнүүд эх орондоо судалгаа явуулжээ. Оросын судалгаанд оролцсон 10 эмэгтэйн ес нь хөхөвч зүүх зөв, эсэх талаар бодож байсангүй гэж хариулсан байна.
Харин сүүний булчирхайг нэлээд олон жил судалсан, ОХУ-ын Анагаах ухааны академийн гишүүн, анагаах ухааны доктор В.П.Летягин, “Хөхөвчний талаар аймшигтай бодол тээх хэрэггүй. Хүн төрөлхтөн хөхийг сайхан харагдуулах элдэв арга сэдсээр ирсэн. Эмч нар энэ асуудлыг зүгээр нэг бодоогүй нь мэдээжийн хэрэг. Тийм болохоор хавдар, Америкийн онол хоёр хоорондоо холбоотой гэж бодохгүй байна. Тамхи татах, наранд биеэ шарах, буруу хооллох, байгаль орчин, сэтгэл хямрал зэрэг эрсдэлтэй хүчин зүйлүүд өвчлөх магадлалыг үнэхээр ихэсгэдэг гэвэл өөр хэрэг. Тэгээд ч хөхийг гэмтээх, түлэхээс сэргийлж, иллэг хийх хэрэггүй. Урьдчилан сэргийлэх зорилгоор байнга шинжилгээ хийлгээрэй” гэж зөвлөсөн байна.