Нэгэн эмэгтэйн БНСУ-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт нь илгээх гэж байсан мөнгийг халаасны бүлэг хулгайч нийлэн авчээ. НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд уг хэргийг илрүүлэн шалгаж байна. Хэргийг А, Х, Т нарын найман хүн үйлдсэн бөгөөд хохирогч эмэгтэй 12 сая 760 мянган вон буюу 27 сая гаруй төгрөгтэй явж буйг мэдээд, анхаарлыг нь сарниулан хулгайлсан байна.
Улмаар валют арилжааны төвд воноо төгрөгөөр солиулж хуваан авчээ. Тэд хулгайлсан мөнгөнийхөө тал орчим хувийг нь үрж, үлдсэнийг нь гэртээ нуусан байжээ.
Сэжигтнүүд өмнө нь нэг бус удаа хулгайн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан бөгөөд А нь хар тамхины хэргээр Хонконгод зургаан жил хорих ял эдэлж байв. Тэрбээр нэг жилийн өмнө суллагдан, эх орондоо ирээд зохион байгуулалттай бүлэг бий болгон хулгай хийсэн нь тогтоогдсон гэдгийг НЦГ-ын Халаасны хулгайн хэлтсийн эх сурвалж хэллээ.
Гэмт хэрэгтнүүдийн нэг Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулж байхдаа оргож, эрэн сурвалжлагдаж байж.