Сүүлийн үед цахим сүлжээний эргэн тойронд, фэйсбүүк хуудсанд “цэнхэр халим” нэртэй хуудас, бүлэг шинээр үүсгэж, хүүхдүүдийг бүртгэн, далд хэлбэрээр сурталчилсан цөөнгүй тохиолдол бүртгэгджээ. Уг тоглоомоор тоглосон, шинэ хаяг үүсгэсэн хүүхдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлэн шалгаж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, хошууч С.Ариунболор “Цэнхэр халим” гэх тоглоомыг тоглосон байж болзошгүй хэргийг шалгах явцад уг тоглоомтой холбоотой хэд хэдэн бүлэг (групп) үүсгэсэн, түүнийг дагагчдын тоо олон байсныг илрүүлэн, хаагаад байна. Мөн сурагчид болон оюутнууд дээрх тоглоомд нэгдсэн, нэгэндээ даалгавар өгсөн, эхний даалгавруудаа биелүүлж биедээ гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон” гэж ярилаа.
Уг тоглоомыг тоглож байсан нэгэн залууг цагдаагийнхан байцааж буй бөгөөд тэрбээр “Анх сонирхож тоглосон. Тэгээд хэдэн хүнд даалгавар өгсөн. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Анх ороход гурван хүн байсан. Бүлгийн нэг удирдагчид нь хүсэлт тавьж, тухайн группийн үйл ажиллагааг чиглүүлдэг болсон. Тэгээд 300 гаруй хүн элсүүлсэн. Даалгаврыг анх фэйсбүүк хуудаснаас олсон” гэж мэдүүлжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин дээрх тоглоомд уруу татагдсан агаад цагдаагийнханд “Дүү нарын чинь зурагнуудыг авч байгаад бусад бүлгүүдэд тавина, чиний бүх мэдээллийг ямар нэгэн байдлаар олж авч чадна” гээд гар, хөл дээрээ хутгаар сийчиж, зүүгээр хатгахыг үүрэг болгосон хэмээсэн байна. Тэр охиныг бусдад уруу татагдан, биедээ гэмтэл учруулж болзошгүй талаар аавынх нь утас руу цагдаагийнхан залгаж хэлжээ.