Америкийн Миссури мужийн шүүхийн шийдвэрийн дагуу “Johnson & Johnson” компани Виржини мужийн иргэн, хорт хавдартай Лоис Слемп хэмээх эмэгтэйд 110 сая долларын нөхөн төлбөр олгох болжээ. Өдгөө 62 настай тэрбээр өндгөвчний хорт хавдартай болсноо 2012 онд мэдсэн бөгөөд өвчин нь даамжирч элгэнд нь үсэрхийлсэн гэдгийг эмч нар оношилсон аж.
Одоо химийн эмчилгээ хийлгэж буй тэрбээр 40 жилийн турш тус компанийн нунтаг цацлага (хүүхдэд зориулсан болон усанд орсны дараах) хэрэглэдэг байснаас ийм өвчин туссан гэж үзэж, шүүхэд гомдол гаргасан юм байна. Өвчтөний өмгөөлөгч тэдгээр бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэйг баталсан шинжээч, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг танилцуулсан нь тус компанийг “өрөнд” оруулах хөдөлшгүй баримт болсон аж.
Үүнтэй адил явдал өнгөрсөн онд тохиосон юм. Миссури мужид амьдардаг Глория Ристесанд хэмээх эмэгтэй мөн л олон жил тус компанийн бүтээгдэхүүн хэрэглэснээс хорт хавдартай болсон хэмээн зарга үүсгэж, ялсан бөгөөд түүнд 55 мянган долларын нөхөн төлбөр өгсөн байна.