Эх хүүхдийн эрүүл мэндтэй нягт холбоотой “Эрүүл Жирэмслэлт” төсөл нь Монгол Улсын хүн амын талаар төрөөс баримтлах бодлого, цаашилбал дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтод тодорхойлсон эх, нялхсын эндэгдэл, түүний шалтгаан болох жирэмсний үеийн эмгэг гэсэн тулгамдсан асуудлыг үндэсний хэмжээнд шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Жирэмслэлттэй холбоотой хамгийн чухал асуудал бол төрөлт нь эрүүл байх явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүл эхээс эрүүл хүүхэд, эрүүл хүүхдээс эрүүл Монгол бий болно.
Харамсалтай нь, 2015 онд 557 амьгүй төрөлт, 21 эх, 1234 нялхас эндэж, эндэгдлийн 60 хувь нь перинаталь буюу жирэмсэн үеийн эмгэгээс шалтгаалсан байна. Мөн 13816 нярай перинаталь үеийн эмгэг тухайлбал, ураг бүтэх, нярайн шарлалт зэргээс үүссэн өвчлөлтэй байна.
Энэ зүрх шимшрүүлсэн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн оролцогчид болох“Гэрэлт Ирээдүй” төслийн багаас санаачлан Улсын хэмжээнд жирэмсний хяналтыг хариуцдаг төв эмнэлгүүд болон Намуун Зэт продакшнтай хамтран “Эрүүл жирэмслэлт”төслийг боловсруулж, хэрэгжүүллээ.
“Эрүүл Жирэмслэлт” төсөл нь жирэмсний хяналтын ач холбогдлыг ойлгуулах, жирэмсэн эхчүүдийн жирэмслэлтийн талаарх мэдлэгийг сайжруулах төдийгүй гэр бүлийн гишүүд, цаашилбал жирэмсэн эмэгтэйг хүрээлж буй хүмүүсийн нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үндсэн зорилгоор Эрүүл эхээс Эрүүл хүүхэд Эрүүл хүүхдээс Эрүүл Монгол уриан дор жирэмсэн эхчүүдэд хэрэглэгдэх 8000 гарын авлагыг хэвлүүлж, мөн үндэсний хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулахад хэрэглэгдэх 30 минутын баримтат кино нэвтрүүлэг хийлээ.