Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийг энэ сарын 5 буюу өнгөрсөн баасан гаригаас албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны хүмүүс оролцсон юм. Өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирусийн халдвар илэрсэн бол ЭМНДЕГ-аас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамрагдах аж.
Харин элэгний архаг өвчтэй, хатууралтай иргэдийг хорт хавдар эрт илрүүлэх үзлэгт оруулах юм байна. Энэ шинжилгээг аймаг, дүүргийн түвшинд хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 2020 он хүртэл үе шаттай хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн голомтыг устган, тархалтыг бууруулж, 15-аас дээш насны бүх иргэнийг (2.2 сая) вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болов. Мөн элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төр хариуцна.