ДЭМБ-аас 2017 оныг “Антибиотекийг болгоомжтой, зөв зохистой хэрэглэх, мэдлэг хандлагыг сайжруулах жил” хэмээн зарласан. Энэ хүрээнд манай улсын ХХААХҮЯ, ЭМЯ-тай хамтран антибиотикийн зүй зохистой хэрэглээ бий болгох, антибиотикт тэсвэртэй нянгийн халдварыг бууруулах төлөвлөгөө боловсруулж буй. Тэд нэн түрүүнд зарим төрлийн антибиотикийн хэрэглээг хязгаарлаж, шаардлагатай тохиолдолд хориглож, улсын бүртгэлд оруулахгүй байхаар шийджээ.
Тухайлбал, макролипидийн бүлгийн антибиотик болох ивермектин агуулсан малын эмийг улсын бүртгэлд оруулахыг хоёр жилийн хугацаагаар хориглосон байна. Мал, амьтны гадаад болон дотоод шимэгчийн эсрэг үйлчилгээтэй антибиотик гэгддэг ивермектин агуулсан 61 төрлийн эм манай улсад бүртгэлтэй байдаг аж.
Тэдгээрийг өдгөө дотоодын гурван үйлдвэр үйлдвэрлэж буй бол эм ханган нийлүүлдэг 34 аж ахуйн нэгж үүнийг найман улсаас импортолдог гэнэ. Тэд жилд дунджаар 60 мянган орчим литр ивермектин агуулсан эм зах зээлд нийлүүлдэг юм байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн эмийн нийлүүлэлт өссөнөөс дотоодын зах зээлд илүүдэл үүсэж, тэр хэрээр зохистой хэрэглээ алдагдаж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Малын гаралтай түүхий эдэд ивермектин хэвийн хэмжээнээс хэт их байгаа нь судалгаагаар тогтоогдсон аж. Иймд холбогдох байгууллагууд энэ төрлийн антибиотик агуулсан эмийн хэрэглээ, гаж нөлөө, эрсдэлийг цаашид лавшруулан судлахаар болж, ийм шийдвэр гаргасан юм байна.