Дөрвөн настай болов уу гэмээр охиныг “За яваарай, шатаар өгсөх нь хэцүү байна уу, уруудах нь уу” гэж асуунгаа гараас нь чанга атган алхах залуухан багш. Шатны хажуугийн өрөөнөөс хүүхдүүдийн чарлан уйлах чимээ зүрх зүсэм сонсогдоно. Эмчилгээ эхэлсэн нь тэр аж. Уг дүр зураг Сувиллын цэцэрлэг, яслийн X цогцолборт лхагва гаригийн 09.30 цагийн үед өрнөв. Ийм үйл явдал тус цэцэрлэгт өдөр бүр болдог юм билээ. Монгол Улсын хэмжээнд цор ганц байдаг уг сувиллынхан өдгөө айлын гэрт толгой хоргодоод дөрөв дэх жилтэйгээ золгож байна.
Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай зургаан сургууль, хоёрхон цэцэрлэгтэй. Хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүд 186 дугаар цэцэрлэгт хамрагддаг бол тархины саа буюу хөдөлгөөний бэрхшээл, дауны хам шинжтэй, аутизмтай хүүхдүүдийг X цогцолбор хүлээн авдаг. Ой зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 120 хүүхэд энд сурч байна. Тэдний 80-85 хувь нь тархины саа буюу хөдөлгөөний бэрхшээлтэй бол ес нь дауны хам шинжтэй, гурав нь аутизмтай, бусад (хавсарсан бэрхшээлтэй болон хэвтрийн) 11 хүүхэд, 40 гаруй багш, ажилтны хамт гуравхан өрөөнд хуваагдан хичээллэж байна. Жирийн цэцэрлэгүүд хүүхдүүдийг хөгжүүлэхэд голчлон анхаардаг бол энд боловсролоос гадна эмчилгээ хийх нь хамгийн чухал. Тиймээс асрамжийн газрын хүүхдүүдийн 58 дугаар цэцэрлэгээс олгосон дөрвөн өрөөний нэгийг эмчилгээнийх болгожээ. Уг нь ийм бэрхшээлтэй хүүхдүүдийг тэрэг, тэргэнцэр, зогсоогч, усан эмчилгээ зэрэг тусгай тоног төхөөрөмж бүхий өрөөнд эмчлэх ёстой. Гэтэл жижигхэн умгар өрөөнд нэг тэрэг тавихад л бусад хүүхэд багтах зайгүй болдог учраас тоног төхөөрөмж нь агуулахад “хэвтэж” буй гэнэ.
Илүү анхаарал, арчилгаа шаардлагатай эдгээр хүүхдийг эмчилгээ хийх ч боломжгүй умгар өрөөнд “хорьж” байгаа нь тэдний эрхийг ноцтой зөрчиж буй явдал. “Бид хэдэн хүүхдийг мал шиг хашаад, өтгөн, шингэнийг нь цэвэрлээд байж чадна. Гэхдээ энэ нь бидний болон хүүхдүүдийн маань зорилго биш. Хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүүхдийг бусдын адил сурч хөгжүүлэн, гэр бүл зохиож, амьдралаа аваад явчих хэмжээнд хүргэх нь бидний зорилго. Манай сувиллаас олон хүүхэд энгийн цэцэрлэг, сургууль руу шилжиж, их, дээд сургуульд сурч, гадаадад өндөр боловсрол эзэмшиж байна” гэж тус сургуулийн нийгмийн ажилтан С.Энхбат ярив.
Өвчтэй төрснийхөө төлөө нийгмээс гадуурхагдсан бяцхан үрсийн сурч хүмүүжиж байсан цэцэрлэгийг буулгаж, балгас болгочихоод, дөрвөн жил өнгөрөхөд ганц тоосго ч өрөөгүйн шалтгааныг тэрбээр ийн тайлбарлав. “Манай цэцэрлэг 1964 онд байгуулагдсан. 2008 оноос хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч эхэлсэн. Сэргээн засах цогц эмчилгээ хийснээр хүүхдүүд толгойгоо дааж, сууж, явж чаддаг болсон. Хөгжлийн бэрхшээлийг аль болох багад нь илрүүлж, тэр цагаас эхлэн сэргээн засах үйлчилгээ үзүүлснээр 90 хувь сайжрах боломжтой. Гэтэл 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Барилгын дээвэр, хана тааз нурж байгаа учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд аюултай нөхцөл үүссэн” гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын ахлах байцаагч гаргаж, барилгыг ашиглахыг хориглосон. Үүний дагуу бид мөн оны тавдугаар сарын 1-нээс тэнд ажиллахаа зогсоосон юм. 21 аймаг, есөн дүүргээс жилд 120 хүүхэд хүлээн авч, боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг учраас үйл ажиллагаагаа цалгардуулах ямар ч боломжгүй. Тиймээс 58 дугаар цэцэрлэгийн нэг хэсэгт нүүж ирсэн. Анх нэг жил болоод л шинэ байртай болно гэсэн ч дөрвөн жил өнгөрлөө. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барина гээд “Говь трэвел” компани зураг төслийг нь гаргаж, эцсийн хувилбараар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон манайд хүлээлгэн өгсөн. Гэвч Засгийн газраас нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих гэж буй барилгуудыг концессын гэрээгээр гүйцэтгэх тогтоол гаргалаа. Ингээд цэцэрлэгийг маань Хятад, Энэтхэг, Сингапурын хөрөнгө оруулалтаар барихаар боллоо гэсэн мэдээ ар араасаа хөвөрсөн ч аль аль нь ажил хэрэг болсонгүй. Өнчин хүүхэд шиг наашаа гэснийг нь хүлээж горьдсоор эцэстээ шантарлаа” гэлээ.
Хэн нэгэн аюулд өртөхөөс сэргийлж, хуучин барилгыг нураасан нь зөв хэдий ч эргэж буцсан төрийн бодлогын золиос нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болж байна. Ирээдүйд халамж хүсэгчдийг бус, чадвартаа тохирсон ажлаа хэнээс ч гуйхгүй хийчихдэг иргэн бэлтгэхийн тулд багаас нь зөв эмчлэх хэрэгтэй ч орчин үеийн тоног төхөөрөмжтэй байргүйн улмаас үйлчилгээний чанар муудаж буйг багш нар хэлэв. Тэнд аргазүйчээр 24 жил ажилласан Т.Лхагвасүрэн “Хөдөлгөөн, ахуй, хэл заслын эмчилгээний өрөө тусдаа байх ёстой. Нэг хүүхдэд 45 минут ганцаарчилсан эмчилгээ хийдэг. Гэтэл бүгдийг нь ганц өрөөнд байлгаснаар нэг нь уйлахад нөгөөгийнх нь анхаарал сарниж, эмчилгээний дүнд сөргөөр нөлөөлж байна” гэв.
Хүүгийнхээ эмчилгээг хийлгээд гарч буй нэгэн ээж “Хүү минь одоо дөрвөн настай ч сууж, явж чаддаггүй. Тархины саажилт гэсэн оноштой. Хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгээд хоёр жил болж байна. Хэвтэрт байснаа бодвол өөрөө суух гэж оролддог болсон. Залгих, сорох, зажлахаа хүртэл цэцэрлэгтээ ирээд л сурч байна. Ийм өвчтэй олон хүүхэд байхад зориулалтын байргүй нь харамсалтай. Үүнээс болж хүүхэд л хохирч байна шүү дээ” гэв. Тус цэцэрлэгт мөн л 20 гаруй жил ажиллаж буй аргазүйч Д.Энхмөнх “Манай цэцэрлэгийг жилд 25-32 хүүхэд төгсдөг. Зарим нь нэг жил болоод ердийн цэцэрлэг, сургуульд явдаг юм. Төгссөн хүүхдүүдээс маань ерөнхий боловсролын сургуульд 2-3, тусгай сургуульд 10-аад, ердийн цэцэрлэгт 4-6 хүүхэд, бусад нь гэрийн асрамжинд байдаг. Шинэ барилгын асуудлаар УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд эрх мэдэл бүхий хүнд албан бичиг явуулсан ч нааштай хариу ирээгүй. Овоо бүтэх нь гэхээр л өөр асуудал гараад ирэх юм” гэж цөхөрсөн байдалтай ярилаа.
Тус цогцолборын барилгын талаар БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяраас лавлахад “Концессын гэрээгээр барих жагсаалтад X цэцэрлэг багтсан. Тус цэцэрлэгийг “Мон-кон констракшн” компани барьж өгье гэсэн хүсэлт ирүүлснийг Үндэсний хөгжлийн газар руу явуулаад байгаа. Концессын журмын дагуу гэрээгээ байгуулбал барилгын ажил эхлэхэд бэлэн” гэлээ. Үүний дагуу цэцэрлэг баригдахгүй гацаад байгаа учир шалтгааныг Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн М.Мандахаас тодруулахад “2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр “2018 оны төсөв батлагдтал Концессын барих, шилжүүлэх төрөлтэй улсын төсвөөс эргэн төлөгдөх төслүүдийг зогсоо” гэсэн тогтоол гарсан. Мөн УИХ-ын 29 дүгээр тогтоолоор зогсоох шийдвэр гарсан. БСШУСЯ-наас X цэцэрлэгийг “Монкон констракшн” компани барих хүсэлтэй байна гэсэн бичгийг ирүүлсэн ч Концессын тухай хууль, Засгийн газрын 37, УИХ-ын 29 дүгээр тогтоолын дагуу тухайн компанитай шууд гэрээ байгуулж, хэлэлцээр хийх боломжгүй. Бас уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газар тухайн төслийг нэн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд явуулж болно гэж заасан. Бас бидэнд “Энэ төсөл хэрэгжинэ” гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. Хэрэв зээл төсөл, улсын төсвийн хөрөнгө оруулалт юм уу, хөрөнгийн эх үүсвэр нь бүрдвэл X цэцэрлэгийг концессоос хасах боломжтой” гэв.