Улс орон хөгжихийн хэрээр бүтээгдэхүүний хүрээ тэлж, хүнсний ногоо, жимсний хэрэглээ нэмэгддэг аж. Жишээ нь, АНУ-д сүүлийн 20 жил хүн амынх нь орлогын түвшин өсөхтэй зэрэгцэн хүний ногооны хэрэглээ нь ч тэлсэн байна. Үүнд дотоодын үйлдвэрлэл өсөж, технологи нь хөгжсөнөөр жимс, хүнсний ногооны чанарыг удаан хугацаагаар хадгалах, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн бүтээгдэхүүний нэр, төрлийг өөрчлөх боломж бүрджээ. Тэрчлэн худалдааны сүлжээн дэх хүнсний ногооны төрөл зүйл, эрэлт нэмэгдсэн нь хэрэглээний хэмжээ өсөхөд нөлөөлж байна. Хамгийн гол нь америкчууд амьдралын эрүүл хэв маягийг сонгож, ногоо их хэрэглэдэг болжээ. Сүүлийн үед хэрэглэгчид цаг хэмнэхийн тулд жимс, хүнсний ногоогоо хагас боловсруулсан, хөлдөөсөн хэлбэрээр авахыг илүүд үздэг болсон гэнэ. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид нь ч хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн ногоогоо аль болох шинэ, чанартайгаар нийлүүлэхэд анхаардаг болжээ. Сүүлийн 10 жилд АНУ-д төмс, хүнсний ногоог хөлдөөсөн байдлаар хэрэглэгчдэд нийлүүлэхийн сацуу Япон, Өмнөд Солонгос, Хонконг, Канад, Мексик зэрэг улсад экспортолж байна.
Дэлхийд Канадын нөөшилсөн ногоо эрэлт ихтэй байдаг аж. Харин америкчууд өөрсдөө тариалах боломжгүй ногоогоо Мексик, Хятад, Нидерланд, Коста-Рикагаас импортолдог гэнэ. Олон улсын худалдаа жимс, хүнсний ногоо хэрэглэгчдийн эрэлтэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Жишээ нь, өвлийн цагт халуун орноос хэрэгцээт ногоогоо авдаг. Хүнсний ногоо нь хүний эрүүл мэндэд тустай тухай байнгын судалгаа эдгээр бүтээгдэхүүнийг эрэлт ихтэй байхад хүргэдэг аж. Тэрчлэн даяаршлын ачаар амьдралын хэв маягт зохих өөрчлөлт орсноор үнэ боломжийн, хэрэглэхэд хялбар, эрүүл мэндэд тустай гэсэн үзүүлэлт дэлхий даяар хүнсний хэрэглээний эрэлтэд нааштай нөлөөлнө.
Жимс, хүнсний ногоог өдөр тутам хангалттай хэмжээгээр хэрэглэвэл зүрх, судасны өвчин, хавдар зэрэг хүнд өвчнөөс урьдчилан сэргийлнэ. НҮБ-ын судалгаанаас үзвэл жимс, хүнсний ногооны хэрэглээ хангалттай байвал жил бүр 1.7 сая хүний амийг аврах боломжтой аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас саяхан гаргасан илтгэлд мэдээлснээр хүн өдөрт наад зах нь 400 грамм жимс, хүнсний но- гоо (төмс зэрэг цардуул агуулсан ногоо орохгүй) хэрэглэх ёстой гэнэ.