Монголчууд органик хүнс хэрэглэж, эрүүл амьдрахыг эрэлхийлсээр. Тэр байтугай дотоодынхоо хэрэгцээг хангаад, олон улсад экспортлох том мөрөөдөлтэй. Харамсалтай нь өдгөө өөрсдийн хэрэгцээг ч бүрэн хангаж чадахгүй байна. Монгол хүн хоногт 200 грамм хүнсний ногоо хэрэглэвэл шаардлагатай аминдэмээ нөхөж, эрүүл байх үндэстэй гэнэ. ХХААХҮЯ-наас гаргасан “Хүн амын хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний зөвлөмж”-д ийн тусгажээ. Уг тооцоо ёсоор бол улсын хэмжээнд жилд 182.200-188.100 тонн хүнсний ногоо (манай улс төмсөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг тул дээрх тоонд оруулан тооцоогүй) хураавал голсон хэрнээ л аваад байдаг хятад ногооноос татгалзах боломж бүрдэх нь.
Гэхдээ энэ үзүүлэлт одоогоор дөнгөж 100.000 тоннд хүрэхтэй, үгүйтэй бөгөөд өнгөрсөн онд 54.834 тонн ногоо импортолжээ. Сайшаалтай нь, манай оронд тарих хүнсний ногооны хэмжээ, нэр, төрөл нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм. Гэсэн ч бид намар бүтэн, хавар, зуны хагаст нь дотоодод тарьсан ногоогоо идээд, өвөл бол импортын ногоо, тэр дундаа урд хөршөөс авчирсныг нь л түгээмэл хэрэглэж буй. Гол учир нь намрын ургацаа өвөл, хавар болтол хадгалж чадахгүйд байгааг аль аль талдаа хүлээн зөвшөөрдөг. Манай техник, технологийн хүчин чадал, хүн хүч хэдийнэ дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн ч агуулах савгүйдээ л бага багаар тариалдаг гэсэн үг. Товчхондоо монгол ногоонд хоргодох газар алга.
Улсын хэмжээнд нийт тарьсан ногооны 60 хувийг л хадгалах агуулах, зоорь бий. Уг нь бага тоо биш ч тэдгээр нь ихэвчлэн хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжийнх учраас ногоогоо хадгалуулахын тулд бусад иргэн, аж ахуйн нэгж багагүй төлбөр төлөх шаардлагатай тулгардаг. Бас агуулахуудын олонх нь хотод байрласан учраас ногоо тээвэрлэж авчрахад хүндрэлтэй гэнэ. Тиймээс л иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэгцээндээ, савандаа, нөхцөл боломжиндоо тааруулж үйлдвэрлээд, ургацаа хураасан даруйд аль болох хурдан борлуулж дуусгахыг зорьдог аж. Чанартай, органик гэдэг утгаар нь иргэд эх орны хөрсөнд тарьсан ногоогоо сонгон хэрэглэх сонирхолтой. Гэтэл сүүлийн жилүүдэд манайхан ногоогоо химийн бордоогоор тэтгэх болсон тул урд хөршийнхөөс ялгаагүй гэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор органик хүнсний “эрэлд гарлаа”. Хяналт тавьдаг газар нь МХЕГ бөгөөд энэ чиглэлээр төлөвлөгөөт шалгалт тогтмол хийдэг гэнэ. Тус байгууллагын ургамлын байцаагчтай өчигдөр холбогдож, тодруулахад “Яг одоо агуулахуудыг шалгаж байна” гэсэн ерөнхий хариултаас өөр үг унагасангүй. Юутай ч тэдний шалгалтаар дотоодод тарьсан ногооноос хүнсний чанар, аюулгүй байдлын стандартаас давсан хор, пестицидийн үлдэгдэл сүүлийн хэдэн жил лав илрээгүй гэсэн юм. Гэвч хэдий хэмжээний хүнсний ногоог хэрхэн хянан, шинжилж ирсэн тоймтой тоо дурдахгүй байгаа нь эргэлзээтэй. Манай улс энэ онд 102.000 тонн ногоо хураан авах зорилт тавьж, тариалалтын бэлтгэлээ хангаж байна. Энэ нь нийт хэрэгцээний 60 хувийг дөнгөн данган бүрдүүлэх учраас үлдсэн хэсгээ дахиад л импортын ногоогоор нөхнө. Албаныхны хэлснээр энэ байдал 2020 он хүртэл үргэлжлэх юм билээ.
Ц.БОЛОРЧУЛУУН: 2020 онд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Энэ жил хэдэн га талбайд хүнсний ногоо тарьж, хэр хэмжээний ургац авахаар төлөвлөсөн бэ?
-Улсын хэмжээнд 15.100 га талбайд төмс, 8500 га-д хүнсний ногоо тарих зорилт дэвшүүлж, тариалалтын бэлтгэлээ хангаж байна. Төмс 170.000, хүнсний ногоо 102.000 тонныг хураан авах төлөвлөгөөтэй.
-Манай улс дотоодын төмсний хэрэгцээгээ хангаж чадаж байгаа. Хүнсний бусад ногооны хэдэн хувийг өөрсдөө тарьж байна вэ?
-Ирэх намар төлөвлөсний дагуу ургацаа авбал төмс 100, хүнсний ногооны 60 орчим хувийг дотоодоос хангах юм. Сүүлийн 5-6 жил төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж байна. Хүнсний бусад ногоо 40-50 хувьтай. Ургац сайн жил 50, бага бол 40 орчим хувьд хүрдэг. Мөн манжин, луувангийн хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Харин сонгино, сармис тарьж сурах, тариалалтын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй. Сүүлийн үед томоохон аж ахуйн нэгжүүд Нидерландаас сонгины үр оруулж ирж, их хэмжээгээр тарих болсон.
-Хэзээнээс хэрэгцээгээ бүрэн хангадаг болох вэ?
-“Атрын III аян”-ыг үргэжлүүлэн хэрэгжүүлэх хүрээнд бид “Хүнсний ногоо” хөтөлбөр боловсруулж дууслаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдэнэ. Мэдээж зоорь, агуулахын хүрэлцээ, хангамжийг сайжруулах, хүнсний ногооны борлуулалтын тогтолцоо бий болгох зэрэг шийдэх олон асуудал бий. Бид “Монгол төмс” хөтөлбөрийг 11 жил амжилттай хэрэгжүүлсэн. Үүнийг үргэлжлүүлэх саналыг Швейцарийн хөгжлийн агентлагт тавьсны дагуу 2016 оноос тус агентлагийнхан “Монгол ногоо” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулахын зэрэгцээ үр үйлдвэрлэхэд томоохон түлхэц болох юм.
-Хүнсний ногоо хадгалах агуулах, зоорь хангалттай байж чаддаг уу?
-Нийт хэрэгцээний 60 орчим хувийг агуулах боломжтой. Жилд 200.000 тонн төмс, хүнсний ногоо тарьж байна. Үүний 60 хувь гэхээр 120.000 тонн болно. Гэхдээ орон нутагт бол зоорь, агуулах хүрэлцээгүй учраас намар ургацаа хураангуут нэг хэсгийг нь шуурхай борлуулдаг. Түүний тодорхой хувь нь ченжүүдийн гараар дамжиж байна. Тиймээс бид хот суурин газрын ойролцоо худалдааны цогцолбор байгуулахаар БНСУ-тай хамтран ажиллаж, туршлага судалж эхэлсэн. Энэ нь дотоодын хэрэгцээг бүрэн хангахад тодорхой хувь нэмэр оруулна.
-60 хувь гэхээр бага тоо биш. Тэгсэн хэрнээ монголчууд яагаад өвөлжин импортын ногоо идээд байна вэ?
-Орон нутагт зориулалтын зоорь, агуулахтай аж ахуйн нэгж, иргэн бараг алга. Хуучны нүхэн зооринд ногооныхоо багахан хувийг хадгалж байгаа юм. Улаанбаатарт авчирч, агуулахад хадгалуулах гэхээр түрээсийн төлбөр өндөр зэрэг олон асуудал бий. Тиймээс л төвлөрсөн зоорь, агуулах барих нь зүйтэй гэж үзээд, хотын захиргаатай хамтран ажиллаж байна. Хотын захиргаа газрыг нь шийдэж, төрөөс тодорхой хөрөнгө гаргаад, томоохон хэмжээний цогцолбор байгуулахаар төлөвлөж буй. Энэ нь жимс, хүнсний ногоо, мах хадгалдаг иж бүрэн агуулах, худалдааны цогцолбор байх юм. Иргэн, аж ахуйн нэгжүүд энд ногоогоо хадгалаад, шаардлагатай үед гаргаж борлуулах боломжтой. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар зоорь, агуулах нэмж барихаар төлөвлөж буй.
-Иргэд өвөл худалдааны төвүүдээс импортын, хөлдөөсөн нарийн ногоо авч хэрэглэж байна. Энэ мэт технологийг манай аж ахуйн нэгжүүд нэвтрүүлж чадаж байгаа юу?
-Янз бүрийн шинэ технологи туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүд бий. Үүний зэрэгцээ хүлэмжинд тарих нарийн ногооны хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч буй. Хувийн хэвшлийнхэнд “Чингис” бондоос 27 орчим тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлснээр өвлийн хүлэмжийн аж ахуй сэргэсэн. Ингэснээр намар орой болтол ургац авч, хавар эрт тариалж байна.
-Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хэдэн компани бий бол?
-Улсын хэмжээнд өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй компани, хувь хүн 40 орчим бий. Зуны нийлэг хальсан хүлэмж бараг айл болгоны хашаанд байна шүү дээ. Ер нь улсын хэмжээнд 78 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж буй юм. Үүнээс 50 га нь зуных, үлдсэн нь өвлийнх. Бид өвлийн хүлэмжийн талбайн хэмжээг 50 га, зуныхыг 100 га-д хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьж, импортын нарийн ногоог хумихад анхаарч ажиллаж байна.