Монголд элэгний хатуурал, хорт хавдраар хоногт 6-7 хүн нас барж байна гэсэн аймшигтай тоо бий. Аюулт энэ өвчнөөс сэргийлэх арга нь В,С, Д вирусийг эрт илрүүлэх шинжилгээ. Уг шинжилгээг тавдугаар сарын 1-нээс эхлэн 40-65 насны иргэдийн дунд үнэ төлбөргүй хийхээр болж буй талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс өнгөрсөн сарын 13-нд сүр дуулиантай мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1 буюу өчигдрөөс эхлэн В, С вирусийн халдварыг тодруулах түргэвчилсэн оношилгоо хийж, идэвхжлийг тодорхойлж, эмчилгээнд орох шаардлагатай иргэдийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор зохицуулж буйгаа мэдэгдсэн. Өвчиндөө шаналсан олон хүний итгэл найдвар болсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийж буй энэ ажил хэрхэн хэрэгжиж буйг өчигдөр сурвалжиллаа.
Бидний очсон эхний эмнэлэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв. Цахим бүртгэлийн ажилтнаас 40-65 насныхан дунд вирусийн шинжилгээ хийж буй, эсэхийг асуухад “Хэд хэдэн хүн энэ талаар асууж ирсэн ч манай эмнэлэг хийж эхлээгүй байгаа. Яагаад хийхгүй байгааг дарга нараас асуу” гэлээ. Тус эмнэлгийн Анхан шатны тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн болон мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн сарын 24-нд “40-65 насны хүн амд элэгний В,С вирус, хорт хавдрыг илрүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаалаар батлагдсан “Өрхийн хүн амын эрүүл мэндийн бүртгэл” маягтын дагуу өрхийн хүн амын мэдээний сангийн бүртгэлээ шинэчилж, бэлэн байдлыг хангана уу” гэсэн мэдэгдэл ирсний дагуу харьяа хорооныхоо хүн амыг бүртгэж байна. Үүний дараа яамнаас оношлуураар хангах юм гэсэн. Одоогоор шин-жилгээ хийж эхэлсэн зүйл байхгүй. Ер нь бол харьяа өрхийн эмнэлгүүд вирус илрүүлэх сорьцоо манай төв рүү явуулж шинжлүүлж байгаа” гэв.
Тус эмнэлгийн халдвартын эмчийн өрөөний үүдэнд дугаарлаж зогссон нэгэн эмэгтэй өөрийгөө Т.Отгонбаяр гэж танилцуулаад “Үнэгүй шинжилгээ хийнэ гэж телевизийн мэдээнээс сонсоод ирсэн. Анх хувийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд В, С, Д вирус илэрсэн юм. Дахин шинжилгээ өгөх гэтэл энд авахгүй гэнэ. Ямартай ч хяналтын эмчдээ үзүүлэх гээд сууж байна” гэж ярив.
Үүний дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд очив. Тэнд мөн адил зорилтот бүлгийн буюу 40-65 насныханд шинжилгээ хийж эхлээгүй байв. Уг нь А.Цогцэцэг сайд хагас сарын өмнө бэлтгэл ажил 90 орчим хувьтай хангагдсан бөгөөд тавдугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхлэхэд бэлэн” гэж байсан билээ. Гэвч газар дээрээ бүх зүйл эсрэгээрээ байна. Тус эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Т.Урнаа “Манай дүүргийн өрхийн зарим эмнэлэгт энэ шинжилгээг хийж байгаа. В, С вирус, элэгний архаг үрэвсэл, хавдартай хүмүүсийг эрт илрүүлэхийн тулд эрсдэл өндөртэй 40-65 насныхныг бүртгэж эхэлсэн. “Хавдрын эсрэг үндэсний аян” энэ сарын 22-ноос манай дүүрэгт өрнөх юм. Үүний хүрээнд 27 өрхийн эмнэлэг тус бүрээс 60 хүнийг хамруулж эмчилгээ хийх юм. Элэгний вирус илэрсэн хүн магадлан итгэмжлэгдсэн хувийн лабораторид очиж тоолуулах юм” гэлээ.
Шинжилгээ, оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийх сургаар хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд олны хөлд дарагдах учраас өрхийн болон орон нутгийн эмнэлэгт вирус илрүүлэх туузан оношлуур олгох талаар Эрүүл мэндийн сайд ярьсан. Тиймээс хэд хэдэн өрхийн эмнэлгээр орсон боловч “Оношлуур байхгүй учраас шинжилгээ хийж чадахгүй байна” гэцгээж байв. “Мэндцолмон” өрхийн эмнэлгийнхэн гэхэд “Бид шээсний шинжилгээ л хийж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд В, С вирус байгаа, эсэхийг илрүүлэх шинжилгээний сорьцыг дүүргийнхээ эмнэлэг рүү явуулж байгаа. Түүнээс биш, зорилтот бүлгийн дунд шинжилгээ хийж эхлээгүй. Оношлуур нь ч байхгүй. Шинжилгээ хэзээ хийх вэ гэсэн хүмүүс цөөнгүй байна. Бидэнд нөөц боломж байхгүй юм чинь яалтай ч билээ” гэсэн бол “Нова” өрхийн эмнэлгийн дарга “Манай эмнэлэгт гурван эмч, хоёр сувилагч л ажилладаг. Хоёр нь сургалтад сууж байгаа. Өнөөдөр (өчигдөр) шинжилгээ хийх мэргэжилтэн ч алга. Тэгээд ч оношлуур байхгүй” гэж ярилаа. Улаанбаатарын эмнэлгүүд иймэрхүү байдалтай байхад орон нутгийнхан ямар буйг ярихад илүүц биз.
Тавдугаар сарын 1-нээс 40-65 насныхан элэгний вирусийн шинжилгээг өөрт ойрт эмнэлэгтээ өгч, эрүүл, эсэхээ мэдэх нь гэсэн иргэдийн хүлээлт одоогоор талаар болж байна. Бэлтгэл ажил 90 хувьтай хангагдсан гэсэн нь ямар учиртайг Эрүүл мэндийн яамныхнаас асуухад “Энэ сарын 15 гэхэд өрхийн эмнэлгүүд оношлууртай болно. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр үе шаттай хэрэгжих учраас нэг л өдөр бүх ажлыг амжуулахгүй шүү дээ” гэлээ. Зарим эх сурвалжийн хэлснээр өрхийн эмнэлгүүд зорилтот бүлэгт ч гэсэн төлбөртэй шинжилгээ хийхээр ярьж буй гэнэ. Ямартай ч энэ ажлыг эхлүүлсэн шигээ хариуцлагатай дуусгах нь харьяа яам, газрынхны үүрэг байлтай.