Өвчинд шаналсан хүмүүсийн зорьж очдог газар нь эмнэлэг, тусламж гуйдаг “бурхан” нь эмч. Өвчнөө илааршуулах гэсэн иргэд, тэдний ар гэрийнхэн хар үүрээр эмнэлгийг “амь оруулдаг” нь ердийн үзэгдэл болжээ. Хэдийнэ цуглараад дугаарлачихсан, хэн нь түрүүлж эмчид үзүүлэхээ хэлэлцсэн, эвгүйдвэл маргаан үүсэж мэдэхээр хүмүүс эмч нарын өрөөний хаалгыг манаж зогсоно. Хөгшин, залуу, хот, хөдөөнийх гэлтгүй түмэн хөлийн хүн холхиж, өвдөж зовсон, үзлэг оношилгоонд орох гэсэн, ах дүү, найз нөхдөө эргэхээр ирсэн гэхчилэн эмнэлэг, эмчийг зорих түмэн шалтгаан тэдэнд бий. Тэдний асуудлыг шийдэж, амь насыг нь хариуцах үүрэгтэй нэгэн эмчийн “Нэг өдөр”-ийг сурвалжиллаа. Сурвалжилгын маань гол баатар П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор З.Лхагвасүрэн.
Олны дууддагчлан Лхагва эмч хавдрын судас бөглөх мэс заслыг Монгол Улсад анх нэвтрүүлжээ. Тэр дундаа монголчуудын хувьд аюулын харанга болсон элэгний хавдрын судас бөглөх эмчилгээг улсдаа анх удаа хийж, олон хүнд амьдрал бэлэглэсэн байна. Түүнчлэн дэлүү томрох үед судас бөглөх, зүрхний титэм судасны ханыг тэлэх буюу тусгай төмөр хана (стент) тавих, умайн хоргүй хавдрын судсыг бөглөх зэргээр судсан дотуурх мэс заслыг төрөлжүүлэн хийж буй. Хүнд ямар нэгэн зовиур шаналгаа үүсгэхгүйгээр мэс засал хийгээд, маргааш нь эмнэлгээс гаргаж болдог энэ төрлийн эмчилгээг улсын хэмжээнд зөвхөн тус эмнэлэгт л хийж байна.
08.00 цаг. Уг нь З.Лхагвасүрэн эмчтэй 08.30 цагт уулзахаар товлосон ч 08.00 цагт өрөөнд нь очлоо. Гэвч тэрбээр эзгүй байв. Өрөөнийх нь үүдэнд цөөнгүй хүн хүлээж суулаа. Зарим нь 07.00 цаг болоогүй байхад ирснээ дуулгав. Нэг нь “Нэлээд эрт ирж хүлээсэн ч байдаггүй. Их завгүй хүн байгаа юм. Үзлэг хийж яваа юм болов уу. Мэс засалд орчихсон ч байж мэднэ” гэв. Хэдийнэ 08.30 цаг болж, ажил эхэлсэн ч өрөөний хаалга цоожтой хэвээр. Эмнэлэгт хэвтэж байгаа бололтой, халаад өмссөн нэг эмэгтэй хэвтэн эмчлүүлэгсдийн тасгаар очиж, эмч тэнд үзлэг хийж байгаа, эсэхийг шалгах үүрэг даалгавартай явсан ч төд удалгүй олж чадсангүй гэсээр ирсэн юм. Эмч мэс засалд орчихвол үзүүлж чадахгүй, яадаг билээ гэж адгасан хүмүүс өөр хоорондоо ярилцах нь сонсогдов.
09.00 цаг. Лхагва эмч өрөөндөө ирлээ. Үүрээр 06.00 цагт гэнэт дуудагдаж ирээд зүрхний цочмог шигдээстэй таван хүнд яаралтай мэс засал хийснээ учирлав. “Бүх мэс засал яаралтай. Олгойноос бусад нь” гэж тодотгоод, зүрхний цочмог шигдээстэй өвчтөнд цаг алдалгүй мэс засал хийх шаардлагатай байдгийг тайлбарлалаа. Хаалга онгойлгохтой зэрэгцэн дугаарлаж зогссон хүмүүсээс бараг дөрөв, тав нь ороод ирлээ. Аль нэг сургуулийн оюутны дотуур байрныхтай адилтгаж болох жижиг өрөө нь бараг л хөл гишгэх зайгүй шахам болчихов. Эмнэлгүүд ямар ачаалалтай билээ, эмчийн өрөө ийм байх нь аргагүй биз гэх бодол төрлөө. Гэхдээ аль нэг яам, Тамгын газрын дарга нарын өрөө ажлын, амралтын, ариун цэврийн, хүлээлгийн гээд ямар том, тохилог байдгийг санаж, өөрийн эрхгүй харьцуулчихав.
Өвчний түүхээ барьсан хүмүүс эмчийг тал талаас нь бүчлээ. Сүржин хэлэхэд хаалганы гаднах хэсэг бол бараг л дайны талбар. “Би орох ёстой байтал чи орох гээд байна. Би түрүүлж ирсэн. Чи огт байгаагүй биз дээ” гэхчилэн маргалдах нь дуулдана. Тэгээд ч болоогүй ээ, бас эмчид ховлоно.
09.30 цаг. Эмчийг ирснээс хойш хаалга байн байн онголзуулж байсан нэг хүн орж ирж, Эрдэнэтээс ирснээ хэлээд, дугаар авсан тул зайлшгүй үзүүлэх хэрэгтэйгээ дуулгав. Лхагва эмч түүнд “Өнөөдөр өвчтөн үздэггүй өдөр, эмнэлэгт хэвтэх дараалал авсан болон эмнэлгээс гарах гэж байгаа хүмүүсийг л хүлээн авдаг” гэж хэлсэн ч ойшоосонгүй “Чи хэдэн төгрөгөөр үздэг юм. Хотынхон бүгдээрээ мөнгөөр үздэг гээ биз дээ” хэмээн агсамнаж, халаасаа тэмтчиж харагдав. Эмч “Эмнэлгийн даргын баталсан хуваарийн дагуу баасан гаригт хүн үздэггүй, мэс засалтай өдөр. Зөвхөн хэвтүүлэх хүмүүсээ л хүлээн авдаг учиртай. Та хэрэв яаралтай бол энэ хүмүүсийн дараа үзүүлээрэй” гэтэл өнөөх нь дахиад л уурлаж, гадаа үүдэнд хүлээж байсан хүмүүс ч түүнээс болж бухимдав. Эмч арга барагдсан бололтой, “Хэвтэх, эмнэлгээс гарах гэж байгаа хүмүүсийн дараа үзье. Би амбулаторийн эмч шиг өдөр болгон хүн үзээд суудаггүй. Хажуугаар нь мэс засал хийдэг. Хэвтүүлэх хүмүүсийн дараа үзье гэсээр байтал та дахин дахин орж ирээд байна” гэлээ. Ар гэрийнхэн нь бололтой хүмүүс “Бие нь муу болоод л ингээд байгаа юм” гэхтэй зэрэгцэн “Больчихъё. Ганцхан чи эмчилдэг нь биш” гэх үг сонсогдов.
10.10 цаг. Эмнэлэгт хэвтүүлэх хүмүүсээ хүлээн авчихаад Эрдэнэтээс ирсэн өнөөх хэцүү үйлчлүүлэгчийг үзлээ. “Уур омгоо дарна аа. Та яах аргагүй зүрхний өвчтэй юм байна. Цээж бачуурч дотор давчдаад, зүүн мөр дагаж өвдөөд, амьсгаа авч чадахгүй, цээжин дээр ямар нэгэн юм дараад буй юм шиг байгаа биз. Зүрхний бичлэгээс харвал дөнгөж саяхан үүссэн өвчин биш байна. Хуучны архаг үрэвсэл даамжирч явсаар зүрхийг тэжээдэг судас хатуурч, нарийсаж байна. Арай ч зүрхний шигдээс болчихоогүй. Та эмнэлэгт хэвтэхийн тулд бүх төрлийн шинжилгээ өг. Тэгээд дараалал авч үзүүлээрэй” гэж хэллээ. Заавал хуваарийнхаа дагуу үйлчлүүлэх ёстойг өвчтөн тайвширсан хойно тэрбээр хэлж ойлгуулав. Өвчтөн болон ар гэрийнхэн нь ч уучлал гуйж, эв зүйгээ оллоо. “Ийм хүн олон байдаг, бүр дасчихсан. Гэхдээ биднийг ганцхан өвчтөнд үйлчилдэггүй гэдгийг хүн бүр байнга санаж яваасай. Хүн уурлалаа ч би дагаад бухимдахгүй. 38 жил ажиллачихаад шинэ эмчтэй адил айж бачимдах шаардлагагүй” гэж З.Лхагва эмч онцоллоо. Амбулаторийн эмч, мэс засал хийхийн зэрэгцээ өвчтөн үздэг эмч хоёрын ажлын ачаалал өөр аж. Тиймээс эмнэлгийн захиргаа өвчтөн үзэх, мэс засал хийх өдрийг зааглан, хуваарь гаргадаг юм байна. Иргэд түүнийг нь ойлгохгүй дөнгөж мэс заслаас гарч ирсэн эмчийг ээрч, үзүүлэхээр дайрах тохиолдол цөөнгүй гардаг бололтой.
12.00 цаг. З.Лхагвасүрэн эмч профессор цолтой ч тэмдгээ аваагүй байснаа энэ өдөр гардав. “Гавьяатын тэмдэг шиг юм” гэж хамт олон нь хошигнож, баяр хүргэхэд “Аль хэдийнэ авчихсан цол шүү дээ” гэв. 1977 онд Анагаах ухааны дунд сургууль төгсөөд тэрбээр Анагаах ухааны хүрээлэнгийн Зүрх, судасны мэс заслын секторт бага эмчээр ажиллажээ. Тэгэхэд зүрхний мэс заслыг үндэслэгч, академич Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, Ё.Бодьхүү, Ж.Моондоо зэрэг алтан үеийн эмчээс суралцах боломж олдсон аж. Багаасаа л мундаг эмч нарыг дагалдсан, 1984 онд Анагаах ухааны дээд сургуульд ороод, мөн л сайн багш нараар хичээл заалгаж, 1990 онд төгссөн гэнэ. Тэр хүмүүсийн ач гавьяа болон гэр бүл, хамт олныхоо хүчээр өдий зэрэгт хүрснээ дурдаад, Монгол Улсад анх удаа судсан дотуурх мэс заслын эмчилгээг маш олон төрлөөр хийж, өдий зэрэгт хүргэхэд энэ хүмүүс л тусалж дэмжсэн гээд талархаж явдгаа илэрхийлэв.
12.15 цаг. Хөдөөнөөс ирсэн бас нэг хүн “Группээс хасагдчихлаа, яах вэ” гэв. “Би группээс хасагдах гээд байна гэж ирэх юм. Түүнийг чинь би мэдэхгүй, орон нутагтаа ханд. Таны энэ өвчин амь насанд чинь нөлөөлөх үү, ямар эмчилгээ хийхийг тогтоох нь л миний үүрэг учраас эхний ээлжинд оношоо тогтоолго” гэж хариулах жишээтэй. Дараа нь орж ирсэн хүнд “Судастай холбоотой болгоныг би хүлээн авахгүй, дурангийн эмчид ханд” гээд явуулав. Иргэд улсын томоохон эмнэлгийн мундаг сайн эмч нарт хандаж, эмчлүүлэхийг хүсдэгийг буруутгах аргагүй. Зөвхөн З.Лхагва эмчид үзүүлнэ гээд зорьж ирэх хүн ч олон аж. Гэхдээ ном дүрмийнх нь дагуу буюу эхлээд өмнөх шатлалын эмнэлгүүдэд хандаж, шаардлагатай бүх шинжилгээгээ хийлгэчихээд ирвэл улсын төв эмнэлгүүдийн эмч нарын ачаалал багасах боломжтой юм шиг санагдав. З.Лхагвасүрэн эмчид хандсан хүмүүсийн талаас илүү хувь нь шинжилгээгээ бүрдүүлээгүй гэдэг шалтгаанаар буцсан. Уг нь анхнаасаа түүнийг бүрдүүлээд ирвэл үйлчлүүлэгч бухимдахгүй, эмч нар ч чирэгдэлгүй шуурхай үйлчлэх боломжтой юм байна. Улсын эмнэлгүүд ачаалал ихтэй, дараалал нь нэлээд хэдэн хоног, зарим нь бүр сарын дараа л хэвтэн эмчлүүлэхэд хүрдэг жишгийг тус эмнэлгээс ч харж болно. Ирсэн хүмүүст З.Лхагва эмч тавдугаар сарын 10-наас хойш л хэвтэн эмчлүүлэх боломжтой гээд тэр өдөр бүх шинжилгээгээ бүрдүүлж ирэхийг даалгав. Ийн үзүүлээд асуудлаа шийдүүлж буй хүмүүс түүнд баярласнаа харамгүй илэрхийлж байв. Хариуд нь “Гомдоогүй л бол яах вэ” гэж хэлэх аж. Тэгээд миний хэлэх дуртай үг бол энэ гэж тодотгосон.
13.30 цаг. “Хүчээр л идүүлэхгүй бол зав гарахгүй байгаа биз” гэсээр тасгийнхан нь хоол барин орж ирэв. Эмч “Хүн хүлээж авахгүй” гээд энэ үеэр үүдэнд зогссон хүмүүсийг ч буцааж, бага боловч амсхийх завтай боллоо. Хавдрын судас бөглөх хагалгааг Монголдоо хэрхэн “нутагшуулсныг” түүнээс тодруулсан юм. Тэрбээр 1990 онд Анагаахын дээд сургууль төгсчихөөд, Анагаах ухааны хүрээлэнд ажил лаж байхад хүрээлэн нь III эмнэлэгтэй нэгдэж, Спортын төв ордонд тамирчдын эмчээр ажиллахаар явжээ. Гэтэл III эмнэлгийн зүрхний ангиограф хийдэг Цог эмч ажлаасаа гарсан байна. Н.Баасанжав багш нь байн байн ирж, “Чи энд зүгээр суугаад байх юм. Тэнд ажил байна шүү дээ. Буцаж очиж ажлаа хий. Чамайг авангуутаа шууд курст явуулна” гэжээ. Түүнийх нь дагуу Лхагва эмч III эмнэлэгт очиж, 1993 онд ӨМОЗО-ы Төв эмнэлэгт зүрхний оношилгооны нэг сарын курст явсан байна. “Миний энд хийж байсан оношилгоог Өвөрмонголын эмч нар дөнгөж сурч байсан. Тиймээс маш удаан, бараг урдуур нь ороод хийгээд өгчихмөөр санагддаг байж билээ. Бид тэднээс илүү түвшинд яваа юм байна гэж бодоод байтал элэгний хавдар бөглөх эмчилгээ хийж буйтай таарсан. АНУ-д боловсрол эзэмшсэн О Ян гэх мундаг профессор тэр эмчилгээг хийж буйг нүдээр харж, номыг нь авч үзсэн юм. Профессор АНУ руу хуралд явчихсан хойгуур номыг нь аваад ирсэн. Сүүлд нь профессор манай эмнэлгийн Ц.Мухар даргад захиа бичиж, Лхагвасүрэн эмчийг ном явуул гэж хэл” гэсэн байгаа юм. Би тэр үед номыг нь 600 төгрөг төлж шуудангаар буцааж явуулж байлаа. Хавдрын судас боох мэс заслыг 1993 онд анх нүдээр харж, номыг нь судалсны үндсэн дээр Т.Шагдарсүрэн эмчтэй хамтран Сүхбаатар аймгийн нэг иргэнд хийж байлаа” гэв. Одоо бол тэрбээр 4000 гаруй хүнд ийм мэс засал хийгээд буй аж.
Цаашид олон хүнд амьдрал бэлэглэхийн тулд тэрбээр өдгөө шавь нараа бэлтгэхэд нэлээд анхаарч буй гэсэн. Анхны есөн шавиа академич Н.Баасанжав багштайгаа хамт 2009 онд бэлтгэжээ. Одоогоор бол түүний гарын хоёрхон шавь л ачааллаас нь хуваалцаж, хавдрын судас бөглөх мэс засал хийдэг болжээ. Уг нь дагалдан ажилладаг 3-4 эмч бий ч хараахан үнэмлэх, эрх авч чадаагүй гэнэ. Үнэмлэх, зөвшөөрөлтэй, мэргэжлийн эмч нар бэлтгэн гаргахын тулд тэрбээр сургалт явуулахаар бичиг баримт бүрдүүлж, сургалтын төлөвлөгөөгөө Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд өгөөд бүтэн жил болсон ч өдий хүртэл хариу аваагүй байна. Ирэх намраас шийдэх болов уу гэж харж буйгаа дурдлаа. Ийм эмчилгээ хийх аппараттай хэрнээ мэргэжилтэнгүйн улмаас мэс засал хийж чадахгүй эмнэлэг олон байгааг тэрбээр онцолсон. Ганц аппарат байснаараа хийчихдэг зүйл биш. Дадлага туршлагатай, мэргэшсэн эмч, сувилагч, инженер, техникч бүрдэж байж л энэ мэс заслыг хийдэг аж.
15.00 цаг. Төлөвлөгөөний дагуу нэг өвчтөнд зүрхний стент тавих эмчилгээ хийлээ. Тус эмнэлгийнхэн өдөрт дунджаар 20 орчим хүнд ийм эмчилгээ хийдэг байна. Тухайн өвчтөний биеийн байдлаас шалтгаалж, мэс засал багадаа 30-40 минут үргэлжилдэг гэнэ. Дээд тал нь 2-3, 4-5 цаг үргэлжлэх тохиолдол бий ч энэ удаа төдийлөн удсангүй. Хүний судсан дотуур сэтгүүр явуулж, ямар ч цус гаргахгүй, мэдээ алдуулалгүйгээр хийдэг юм байна. Өнгөрсөн жил тэд 800 хүнд зүрхний стент тавих эмчилгээ хийсэн гэнэ. Эмчилгээ хийлгэх хүний тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ он гараад дөнгөж дөрвөн сар өнгөрч байхад л 600-д хүрчээ. Мэс засал дуусгаад ирэхэд өрөөнийх нь үүдэнд хүмүүс хүлээж л байв. Энэ удаа тэрбээр “Мэс засалтай, үзэхгүй” гээд хэнийг ч хүлээн аваагүй юм.
16.30 цаг. З.Лхагва эмчийн энэ өдрийн ажил дууссангүй, элэгний хавдрын судас бөглөх мэс засал гардан гүйцэтгэхээр боллоо. Гуяны артераар сэтгүүр оруулж, гол судсан дотуур явуулсаар элэгний хавдрыг тэжээж буй судсыг бөглөдөг байна. Ингэснээр хавдарт очих тэжээл дутагдан, ургаж, үсэрхийлэхээ больж, өвчтөн илүү урт удаан амьдрах боломж бүрддэг аж. Ийм мэс засал хийлгээд 10 гаруй жил амьдарсан хүн ч бий гэнэ. Эрт илрүүлж эмчилж чадвал эдгэх боломж ч бий аж. Хавдартай л бол удалгүй үхнэ гэж ойлгодог хүмүүсийн хувьд үлгэрийн юм шиг л сонсогдоно байх. Ийм мэс засал хийдэг ганцхан аппарат тус эмнэлэгт бий бөгөөд түүгээрээ маш олон хүний амь авардаг, өдөрт 25 хүнд зүрх, элэг, дэлүү, бөөр, тархины судас бөглөх зэрэг мэс засал хийдэг. Лхагва эмчийг ээлжит эмчилгээгээ дуусахад дараагийн эмч нь тэнд мөн л мэс засал хийхээр хүлээж байх жишээтэй.
Мэс заслын үеэр туяанаас хамгаалахын тулд 10 гаруй кг жинтэй, тугалгажуулсан хормогч өмсөж, нүдний шил зүүх зэргээр өөрийгөө хамгаалдаг юм байна. Удаан зогсвол бараг саунд сууж байгаа юм шиг болдог гэнэ. Мэс заслын ширээний ард ингэж удаан зогсохын зэрэгцээ туяанд хордож, хүний амь аврах яаралтай дуудлага бүрт ирж, цаг наргүй ажилласаар эмч, мэргэжилнүүд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч буйг тэд ярьж байсан. Харин цалин нь түүнтэй харьцуулахад маш бага, эрүүл мэндийн нөхөн төлбөр байтугай урамшуулал, илүү цагийн мөнгө ч авч үзээгүй гэнэ. “Өдөр, шөнөгүй дуудагдаад ажиллаж буй мөртлөө илүү цагийн мөнгө авч байгаагүй. Ажилдаа дуртай тулдаа өдий хүртэл зүтгэж байгаа юм. Түүнээс биш хуулийн дагуу бид илүү цагийн мөнгө авна гээд гудамжинд гарч жагсаж үзсэнгүй, ажил хаяж ч явсангүй. Энэ эмчилгээг Монголд үндэслэж, суурийг нь тавьж, ханыг нь өрөлцсөн болохоор ингэж явна” гэж З.Лхагва эмч хэлсэн.
18.00 цаг. Хортой, хүнд, нөхцөл учраас тус тасгийн эмч нар уг нь өдөрт зургаан цаг л ажиллах ёстой гэнэ. Гэтэл З.Лхагвасүрэн эмч энэ өдөр 12 цаг ажилласны эцэст харихаар зэхлээ. Бас болоогүй дөнгөж харьчихаад байтал дуудагдаж, хэн нэгэнд амьдрал бэлэглэхээр буцаж ирж ч мэднэ. Бидний сурвалжилга ч ингээд өндөрлөв. Өвчин зовлон, үхэлтэй нүүр тулан зовж шаналсан хүмүүст хорвоогийн нарыг дахин харах амьдрал бэлэглэгч эмч нартаа ачаалалд нь тохирсон цалин, хангамж өгдөг болоосой.