Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүний дагуу элэг шилжүүлэн суулгах хагалгааг энэ сарын 12-нд иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орохоор болж, байр, машинаа зарж, хандив тусламж цуглуулсан ч хагалгааных нь зардалд хүрэлцэхгүй өнөөдрийг хүрчээ. “Нөхөр минь миний донор болж байгаа. Хоёулаа мэс засалд орох учраас ажил хийж чадахгүй, санхүүгийн хүнд байдалд орсон. Одоогоор айлын гэр түрээслэн амьдарч байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй болгох шийдвэр гаргасан Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад маш их талархаж байна” гэж Ш.Мөнхжаргал ярив.
Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртгөөр хийж байгаа бөгөөд цаашид энэ зардлыг төрөөс хариуцах юм. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чаддаггүй юм байна.