Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр баталсантай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаныхан өчигдөр мэдээлэл хийлээ. 2020 он хүртэл хэрэгжүүлэх уг хөтөлбөрийг дөрвөн зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлын хүрээнд элэгний В, С вирусийн халдварын тархалтыг зогсоох, архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар нас барж буй хүний тоог эрс бууруулах зорилгоор баталсан юм.
Манай улсад элэгний хатуурал, хорт хавдраар жилд 2600 орчим хүн нас барж буй нь хоногт энэ өвчнөөр 6-7 иргэн хорвоог орхиж байна гэсэн үг. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон аюулт өвчнийг эрт илрүүлэхийн тулд ирэх сарын 1-нээс улс орон даяар В, С вирусийн халдварыг тодруулах түргэвчилсэн оношилгоо хийж, идэвхжлийг тодорхойлж, эмчилгээнд орох шаардлагатай иргэдийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор зохицуулсан билээ.
А.Цогцэцэг сайдаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хэдхэн хоногийн дараа улс орон даяар В, С вирусийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон. Бэлтгэл ажил хангагдсан уу?
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмж, урвалж бодис, эмчилгээний болон эмийн зардал гээд олон зүйл шаардлагатай.
Эрүүл мэндийн тогтолцоонд тодорхой өөрчлөлт хийж байгаагийн нэг нь энэ. Ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэд хэдэн ажил зохион байгууллаа. Бэлтгэл ажил 85-90 хувьтай байна.
-Эхний ээлжинд 40-65 насныхан үнэ төлбөргүй шинжилгээ өгнө гэхээр маш их ачаалалтай ажиллах нь. Үүнийг яаж зохицуулах вэ?
-1955-1960 онд төрсөн хүмүүс элэгний С вирусийн халдвар авсан байх магадлалтай. Тэр үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ариутгал хангалтгүй, орчин үеийн тоног төхөөрөмж байгаагүй учраас хүмүүс эмнэлгээс халдвар авах магадал өндөр байсан.
40-65 насныхны дунд элэгний вирусийн халдвартай, цирроз, цаашлаад өвчин нь хорт хавдрын аль нэг шатанд байх тохиолдол цөөнгүй. Тиймээс ийм насны хүмүүсийг орон нутгийнх нь Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, засаг захиргааны байгууллагатай нь хамтран шинжилгээнд хамруулах юм.
Өөрөөр хэлбэл, элэгний вирус илрүүлэх туузан оношлуурыг орон нутагт хийнэ. В,С вирусийн идэвхжилийг тодорхойлж, тоолох шинжилгээг аймгийн төвд хийхээр ажиллаж байна. Нийслэлийнхэн өрхийн эмнэлэгтээ энэ шинжилгээг өгөх боломжтой.
Элэгний вирусийн эмийг хайрцаг тутмаас нь 210 мянган төгрөг хөнгөлсөн. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардлаас авахаар тооцоолсон.
-Та сайд болсныхоо дараахан алслагдсан аймаг, сумын иргэдэд яаралтай тусламжийг нисдэг тэргээр үзүүлэх тухай ярьсан. Гэтэл хөдөө, суманд эмэгтэйчүүд гэртээ төрсөөр байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Сайдын ажлыг авсан даруйдаа эхийн эндэгдлийг бууруулах чиглэлд анхаарч ажиллахаар зорьсон. Тиймээс хөдөө орон нутгийн эмч нарыг бэлтгэх, ЭХЭМҮТ-ийн эмч нараар сургалт явуулах, төрөх явцыг удирдахад мэргэжлийн алдаа гаргахгүй байх талаар Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гаргасан.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эхийн эндэгдэл гурав дахин буурлаа. Зуд болон мал төллөх их ажлын үеэр эхийн эндэгдэл гарах гээд байдаг. Тиймээс энэ үеэр эмч нарыг шуурхай ажиллахыг үүрэгдсэн. Цагаан сарын үеэр найман эхийн амийг аварлаа.
Завханы онгоцыг Баян-Өлгийд буулгаж, тэндхийн жирэмсэн эмэгтэйг Улаанбаатарт авчирч, эсэн мэнд амаржуулсан. Үүнээс гадна гэмтэл осол, яаралтай тусламж, үйлчилгээнд нисдэг тэрэг явуулах талаар Зам, тээврийн яамтай хамтран ажиллаж байна. ГССҮТ-д нисдэг тэрэг буулгахаар талбай засаж, бэлтгэл ажил хийж байгаа. Дараагийн долоо хоногт туршилтын буулт хийнэ.