Эмгэг судлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах теле хурал боллоо.
Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ "Өнөөдрийн теле хурлын ач холбогдол нь Монголд хийгдсэн шинжилгээ бусад оронд очоод үзүүлэхэд оношийн зөрүү гардаг асуудлыг шийдэхэд оршиж байна. Манай салбарын гол суурь судалгаа, хөгжил дэвшил болсон эмгэг судлалыг хөгжүүлэх нь чухал. Тийм ч учраас Эмгэг судлалын үндэсний төвд өнгөрсөн арваннэгдүгээр сард хамгийн сүүлийн үеийн өдөрт 60-80 шинжилгээ унших хүчин чадал бүхий телепатологийн микроскоп хүлээлгэн өгсөн. Энэ нь нэг удаад дөрвөн слайд зэрэг уншиж, интернэтээр хүссэн газартайгаа холбогдон саналаа солилцож, эцсийн оношийг тавих боломжийг бүрдүүлсэн том алхам болсон" гэв.
Уг хуралд 21 аймгийн эмч, эмнэлгийн дарга нар, нийслэл болон ЭМЯ-ны харьяа эмнэлгийн удирдлагууд, эмч нар оролцлоо.