Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өчигдөр гардууллаа. Эл хүндтэй шагналыг гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй албаны хүмүүсээс гадна тус эмнэлгийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмадууд, эмч нар оролцсон юм.
Тэртээ 1921 онд өрхөө татаж, цэргийн алба хаагч төдийгүй жирийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж ирсэн тус эмнэлгийнхэн 1939 оны Халхын голын байлдаан болон 1945 оны Чөлөөлөх дайны үед Монгол Ардын армийн бүрэлдэхүүнд оролцож явсан бахархам түүхтэй. Өдгөө дэлхийн халуун цэг болсон Африкийн орнуудад үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Цэргийн төв эмнэлгийнхэн одоо 850 ортой үйл ажиллагаа явуулж цэрэг, цагдаа, төрийн тусгай албан хаагч, тэдний гэр бүл, ахмад дайчдаас гадна Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийнхний эрүүл мэндэд санаа тавьж, тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Өнгөрсөн 96 жилийн хугацаанд тус эмнэлгээс Монгол Улсын баатар нэг, Ардын эмч дөрөв, Хүний гавьяат эмч найм төржээ.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь цэргийн алба хаагч болон тэдний ар гэрийнхнийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо бүрэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан, улсдаа тэргүүлэгч, мэргэжлийн, ууган эмнэлэг” хэмээн тодотгов.
Бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл газар авч, улсын болон дүүргийн эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэнтэй холбоотойгоор энэ оны эхээр Цэргийн төв эмнэлэгт 50 ортой Хүүхдийн тасаг нээж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилсэн юм. Хүнд нөхцөл байдал үүссэн үед ийн хүч нэмсэн эмнэлгийнхний үйл хэргийг сайд энэ үеэр онцлон сайшаасан.
Цэргийн төв эмнэлгийн захирагч, ерөнхий эмч С.Батболд “2016 он манай хамт олны хувьд онцгой жил байлаа. Орчин үеийн багаж, хэрэгслээр хангагдлаа. Материаллаг бааз болон боловсон хүчнээ бэхжүүлсэн” гэв. Үнэхээр л тус эмнэлгийнхний хувьд өнгөрсөн жил өгөөжтэй байж, эмчилгээ, оношилгооны хөгжлийг нэг алхмаар урагшлуулжээ. Тодруулбал, цэргийн эмнэлгийнхэн өнгөрсөн жил шинэ цогцолбороо хүлээн авч, 17 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж суурилуулжээ.