Америкийн хүнсний шинжээчид хүний эрүүл мэндэд хамгийн хортой жимсээр хүлэмжийн гүзээлзгэнийг нэрлэжээ. Учир нь эл жимс ургах явцдаа амархан мууддаг, элдэв хорхой шавьж цуглуулах “дуртай” зэрэг их “ааштай” учраас хүлэмжид тариалахдаа маш их пестицид хэрэглэдэг юм байна. Хэрэв үүнээс хордвол маш аюултай аж.
Үүний дараа алим болон бууцайг эрүүл мэндэд хортой хэмээн жагсаажээ. Тэдгээрт агуулагдах хорт бодис их гэнэ. Дараагийн “хор” нь лийр, тоор, усан үзэм бол араас нь амтат чинжүү, төмс, улаан лооль бичигдсэн байна. Ингээд жагсаахаар идэж болох жимс, ногоо алга гэж ундууцах хэрэггүй.
Юутай ч америк шинжээчдийн мэдээлснээр хүлэмж болон тариан талбайд ургуулдаг жимс, ногооны 70 хувь нь химийн бодист хордсон байдаг нь хүнийг аажмаар үхүүлэх аюултай гэсэн байна. Тэгвэл эрүүл мэндэд хамгийн ашигтай жимс, ногооны жагсаалтын тэргүүнд авокадо, дараа нь киви, хан боргоцой, грейпфрут хэмээх нэгэн төрлийн жүрж орсон байна. Ногооноос сонгино, байцаа, хаш, хэрээний нүд буюу аспарагус жагсав.