Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группийн элэг, чөмөг шилжүүлэн суулгах тэргүүлэх зэрэглэлийн эмч нар өнөөдөр манай улсад ирнэ. Тус группийн Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга, доктор Вивек Виж, Клиникийн Гематологийн буюу чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга, доктор Рахул Бхаргава зэрэг шилдэг эмч нараар ахлуулсан багийнхан гурав хоногийн хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Интермед” эмнэлэгт ажиллаж, элэгний өвчин, цусны эмгэг болон хорт хавдартай өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх гэнэ.
Мөн Монголын эмч нартай уулзаж, санал солилцон, монголчуудад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Энэтхэгт очиж бус, эх оронд нь хийх боломж олгох талаар ярилцах аж.
Доктор Вивек Виж Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж, бүгд амжилттай болсон байна. Түүний багийнхан 2500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж, өвчтөнд 95, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Тэрбээр 2015 онд АНУ-ын Чикаго хотноо байрлах Элэг шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэгээс Хүндэт шагнал хүртсэн гэнэ. Харин доктор Рахул Бхаргава насанд хүрсэн 200 гаруй хүнд чөмөг шилжүүлэн суулгаснаараа хойд Энэтхэгтээ дээд амжилт тогтоожээ.
“Фортис” групп нь 10 мянган ор бүхий 54 эмнэлэг, оношилгооны 260 төв, 23 мянган ажилтантай бөгөөд өдөрт 3100 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, эмнэлгийн цогц тусламж үзүүлэгч Азийн шилдэг байгууллагуудын нэг аж.