Сүүлийн жилүүдэд 15-19 насны 1000 охин тутмын 19-20 нь хүүхэд төрүүлж байна. Өсвөр насны охид төрөх нь гэр бүлд нь болон өөрт нь таагүй байдал бий болгож, сурч боловсрох боломжоо алдаж, улмаар ажилгүйдэл, ядууралд өртдөг гэж Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх тав дахь тайлан илтгэлдээ дурдсан байна. Мөн энэ насныхан дунд бэлгийн замын халдварт өвчин өндөр үзүүлэлттэй гарсан. Гэтэл 2015 оноос ЕБС-ын сургалтын хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээлийг хасаж бусад хичээлүүдэд шингээсэн. Гэвч бие даасан эрүүл мэндийн хичээлийн үүргийг нөхөж чадахгүй байгаа нь энэ насныхан дунд байгаа нөхөн үржихүйн өвчлөл, жирэмслэлт зэргээс харагдаж байна. Өсвар насныханд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, мэдлэг, зөвлөгөө дутагдаж байна.
2016 оноос эхлэн “Focus on the family Mongolia” байгууллагаас “Аюулгүй Сонголт” сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалт нь өсвөр үеийн залуучуудын өмнө тулгарч байгаа эрт жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, эрсдэлт зан үйл болох архи тамхи мансууруулах бодисын хэрэглээ гэх мэт асуудлуудыг бууруулах болон эдгээрээс урьдчилан сэргийлж эерэг зан чанар төлөвшүүлэхэд чиглэсэн гэрлэлтээс өмнө бэлгийн харьцааг тэвчих боловсрол олгох цогц хөтөлбөр юм.
Энэхүү сургалтад хамрагдсанаар өсвөр залуучууд өөрийнхөө үнэ цэнийг ухаарах, ирээдүйн зорилгодоо хэрхэн хүрэх, найз нөхөрлөлөө хэрхэн зөвөөр сонгох, цахим ертөнцийн ухаалаг хэрэглээ, хайрын мөн чанарыг ойлгох улмаар бат бөх гэр бүлийг зохиоход тусалдаг хөтөлбөр юм.
“Focus on the family” байгууллагын энэхүү хөтөлбөр нь дэлхийн 60 улсад үндэсний хөтөлбөрийн хэмжээнд хэрэгжиж байдаг ч манай улсад хараахан тийм өргөн хүрээг хамарч чадаагүй байна. Гэсэн ч 2016 оны сургалтаар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Булган, Өмнөговь, Говь-Алтай аймгуудын нийт 528 сурагчдад сургалтаа явуулсан. Энэ 2017 онд үндэсний хэмжээнд доод тал нь 1.000 сурагчдад энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилт тавиад байна.
“Аюулгүй Сонголт” сургагч багш бэлтгэх сургалтад амжилттай хамрагдсан сургагч багш нарт энэхүү хөтөлбөрийг заах эрхийг олгодог. Focus on the family Mongolia байгууллага нь хөтөлбөрийн албан ёсны эрхийг авсан бөгөөд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын яамнаас сургуулийн захиргаа, эцэг эхчүүдийн саналд үндэслэн “Хичээлээс гадуурх” үйл ажиллагаа, “Амьдрах чадвар”, “Иргэний Боловсрол” болон “сургалт зохицуулах цагт” зохион байгуулах зөвлөмжийг хүргээд байна.