Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд дэлхий дахинд тэмдэглэдэг уламжлалтай, Аутизмыг таниулах өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор 2008 оноос тэмдэглэх болсон эл өдрийн хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Аутизм судлалын хүрээлэн” ТББ, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран уг эмгэгийг эрт үед нь хэрхэн илрүүлж, оношлуулах талаар иргэдэд мэдээ, мэдээлэл түгээв.
Харин “Аутизм Монгол-Анд” ТББ-ынхан Аутизмтай хүмүүсийг хүлээн зөвшөөрч, ойлгоцгооё уриатай “Аутизм ба боловсрол” хэлэлцүүлэг өчигдөр өрнүүллээ. 2000 онд 150 хүүхэд тутмын нэг нь ийм эмгэгтэй байсан бол одоо 68 хүүхэд тутмын нэгд тохиож байгааг мэргэжилтнүүд онцолсон юм.
Хүүхдийнхээ хөгжлийг хянах үүднээс харийн оронд очиж, оношилгоо, үнэлгээ хийлгэх шаардлага эцэг эхчүүдэд байнга тулгардаг. Тэгвэл “Аутизм судлалын хүрээлэн” ТББ-ынхан Монголдоо аутизмын оношилгоо, үнэлгээ хийхээр болжээ.