Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал Төрийн ордонд өнгөрсөн мягмар гаригт болж, элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох лабораторийн шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах санаачилгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр гаргажээ.
Ингэснээр ирэх сарын 1-нээс иргэд С вирусийн шинжилгээгээ үнэ төлбөргүй өгөх боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож, даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэж шийджээ. Энэхүү шийдвэрийн дагуу 2017 онд уг шинжилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөг зарцуулах юм. Удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлахаар бэлтгэж буй аж.
Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас даатгуулагч өөрөө банкаа сонгон, тэтгэврээ авах боломж бүрдсэн бол 2017 оноос зургаа хүртэл сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийн жилийн хүүг 15 хувь болгон гурван пунктээр бууруулсан юм. Одоогийн байдлаар нийт 23 мянган тэтгэвэр авагч 20.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэснээр даатгуулагчдыг 2.7 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлсөн гэдгийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн сайшааж байлаа.