Эпилепси буюу уналт таталтын өвчин нь том хүнтэй харьцуулахад хүүхэд насанд элбэг тохиолддог бөгөөд гэр бүл, амьдрал ахуйд дарамт учруулдаг, хүүхдийн бие, сэтгэл зүйд айдас түгшүүр үүсгэн зарим тохиолдолд нийгмийн зүгээс үл ойлголцол төрүүлэхүйц нөлөө үзүүлдэг мэдрэлийн тогтолцооны түгээмэл эмгэг билээ. Энэхүү өвчин нь дэлхийн хүн амын 1 хувийг эзэлдэг бөгөөд нийт хүн амын 5 хувь нь амьдралдаа ямар нэгэн байдлаар таталт өгсөн байдаг аж. Гэхдээ таталт өгсөн хүн бүр эпилепси өвчинтэй гэж ойлгож болохгүй.
Эпилепси нь хүйс, арьсны өнгө, боловсролын түвшин, газар нутгаас шалтгаалдаггүй байна. Энэ төрлийн эмгэгтэй өвчтөний 30-70 хувь нь таталтын эсрэг эм уусан ч таталт бүрэн зогсохгүй бөгөөд нийт өвчтөний 1/3 нь эмэнд тэсвэртэй эпилепситэй байдаг аж. Харин эмчилгээнд дан эмийн эмчилгээ зонхилдог боловч эпилепсийн тусламж үйлчилгээ нь зөвхөн эмийн эмчилгээ бус, өвчтөний сэтгэл засал, өөртөө итгэх байдал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн гадуурхалтыг бууруулах зэрэгт оршдог.
Иймд Монголын Неврологийн нийгэмлэг нь Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран гурав дахь жилдээ Олон улсын Эпилепсийн өдрийг тэмдэглэх гэж байна. Үүнийг хоёр хэлбэрээр тэмдэглэж, олон нийтэд уналт таталтын өвчний тухай зөв мэдээллийг түгээж, өвчтөний нийгмийн хөгжил, хамгааллын асуудлыг хөнддөг. Тус “Нил-Ягаан” өдрийг хүүхэд залуучуудад чиглэсэн мэдээлэл түгээх, гадуурхлаас ангижрах зорилгоор БГД-ийн ЕБС-иудаас төлөөлөгч баг оролцуулан өдөрлөг зохион байгуулна.
Харин “Эмч-өвчтөн-гэр бүл” гэсэн гурвалсан уулзалт хэлбэрээр энэ сарын 25-нд ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулна.
Энэ талаар Монголын Неврологийн нийгэмлэг, Альфа долгион мэдрэлийн эмнэлгийн их эмч Д.Баярмаа хэлэхдээ “Эпилепси буюу уналт таталтын өвчинд нэрвэгдэж буй хүмүүсийн 70-75 хувь нь 19-өөс доош насныхан эзэлж байна. Манай орны хувьд 35 наснаас доош залуучуудад энэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдсээр байна. Хамгийн гол нь тухайн өвчний талаарх мэдээлэл хомс учраас оношилж чадахгүй оройтох, хугацаа алдах, эмчилгээгээ таслах зэргээр өвчний эдгэх явцыг удаашруулж байна. Үүнээс гадна ажил эрхэлж буй эпилепситэй өвчтөнүүдийн 60 орчим хувь нь ажлаас халагдсан судалгаа бий. Мөн нийгмээс гадуурхах зэрэг сөрөг хандлага их байгаа учраас Олон улсын Эпипсийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм" гэлээ.