Монголын уран зохиол, сэтгүүл зүйн түүхэнд мөрөө үлдээж, нэрээ мөнхөлсөн эмч зохиолч, анагаах ухааны сэтгүүлчийн нэг бол яах аргагүй Г.Пүрэвдорж доктор юм. Тэрбээр сум, багийн эмчээс ажлын гараагаа эхэлж, Монголын эрүүл мэндийн бүхий л салбарт ажиллаж ирсэн хосгүй нэгэн.
Түүний талаар нэрт сэтгүүлч Я.Сумъяа гуай хэлэхдээ “Г.Пүрэвдорж доктор сум өрхийн эмчээс төрийн сайд, эгэл сувилагчаас эрдэмтэн профессор хэдэн зуун хүнтэй ярилцлага хийж, тэднийг хөрөглөн мөнхрүүлж, монголын эрүүл мэндийн салбарын тулгамдсан эрхэм чухал асуудлыг хөндөн хэдэн арван асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичиж “Эрүүл мэнд” сэтгүүл, “Эрүүл энхийн төлөө” сониноороо төр засаг, түмэн олны сонорт хүргэсэн шиг хүргэжээ” хэмээсэн байдаг. Ингээд Г.Пүрэвдорж доктортой ярилцсанаа хүргэе.
-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургуулийг 1971 онд дүүргэсэн. Төгссөнийхөө дараа Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү баригч гэдэг бригадад хуваарилагдаж, бригадын бага эмчийн албыг хашиж байлаа. Дараа нь аймгийн ариун цэврийн халдвар судлалын улсын байцаагчаар ажиллаж байгаад Анагаах ухааны дээд сургуульд суралцсан юм. Сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгийн хамгийн хол, хилээс 28 км-ийн зайтай Алтай суманд хуваарилагдаж байлаа. Тэнд би ихийг сурсан. Аймгийн төвөөс 360 км-ийн хол, гурван даваа, гурван гол гаталж байж очдог байлаа шүү дээ. Өвлийн цагт даваануудыг нь хаачихдаг байсан болохоор дуудлага хүргэхэд их хэцүү байсан юмдаг. Эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй хэрнээ олгойн хагалгаа хийж, эмнэлгийн бүхий л тусламжийг үзүүлдэг байлаа.
Ингээд дүгнээд үзэхэд багийн эмчээс эхлээд сумын эмч, сум дундын ерөнхий эмч, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, Клиникийн II эмнэлгийн эмчээр ажиллаж үзсэн. Дараа нь Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, мөн яамны хэвлэлийн газрын эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга гээд олон албыг хашиж үзлээ. Эргээд бодоход би эрүүл мэндийн бүхий л салбарт ажиллаж үзсэн юм билээ.
Мөн 1993 онд ажлынхаа хажуугаар Анагаах ухааны их сургуульд Анатомийн тэнхимд багшилж, Хүн мах судлал хэмээх сэдвээр магистр, докторын зэрэг хамгаалж, одоо хувийн их сургуульд дараагийн эрүүл мэндийн салбарын ажилчдыг бэлтгэж байна даа.
-Анагаах ухаанд олон төрөл чиглэл, салбар байхад чухам яагаад эмэгтэйчүүдийн эмч болохоор шийдсэн юм бэ?
-Социализмын үед чинь дур зоргоороо "Би тийм, ийм ажил хийнэ" гэж шийдэж болохгүй. Тэр үед хуваарилагдаж очсон газарт маань яаралтай тусламжийг цаг алдалгүй, зөв үзүүлэх үйлчилгээ хэрэгтэй байсан. Учир нь олон хүн амтай, цэргийн ангитай, аймгийн төвөөс алслагдсан, жилдээ 120 гаруй хүн төрдөг байсан. Төрөлт маш өндөр байсан учраас намайг шууд эмэгтэйчүүдийн эмчийн курст явуулж, “тус сум болон отрядын эх нялхсын асуудлыг чи хариуцна шүү” гээд л тушаал буулгасан юм. Тэнд их зүйл хийж үзсээн. Гэрт хүүхэд төрүүлж, эмэгтэйчүүдийн спираль хүртэл тавьж үзсэн. Сумын төвийн эмч биш байсан ч олгой, эвэрхийний хагалгаа хийж байсан.
Одоог хүртэл санаанаас гардаггүй эмчилгээ бол олгой нь хагарсан хоёр настай хүүхдэд хагалгаа хийж байсан явдал юм. Тэр үед гомк гэж унтуулдаг тариа байлаа. Тэрийг судсаар нь тариад, номоо хажуудаа тавьж байгаад л хүүхдийн хагалгааг хийж билээ. Тэр үед хүүхдийн хагалгаа асар ховор тохиолддог байсан юм. Тэр хүүхэд хожим нь том болоод “Эмч нар миний хагалгааны сорвийг хараад энэ ямар сонин эмч яаж хагалгаа хийсэн юм болоо гээд гайхаад байдаг юм” гээд дурссан байдаг юм.
-Анх удаа эх барьж авахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Анхны эх барьж авах үедээ би их азтай байсан. Учир нь давтан төрөлт байсан юм. Их л тайван байх ёстойг өөрөө сайн мэдэж байсан болохоор ямар ч хүндрэл гарч байгаагүй юмдаг.
-Амьдралынхаа 46 жилийг анагаах ухааны салбарт зориулжээ. Мэргэжилдээ ингэж татагдаж, тууштай ажиллахад танд юу нөлөөлсөн бэ?
-Анх долдугаар ангиа төгсөж байхад багш нар маань намайг сурлага сайтай байсан болохоор 10 дугаар ангиа төгсөхийг ятгаж байсан. Харин манай гэр бүл хөдөө тэмээ хариулж олон хүүхдэ өсгөдөг байсан учир техникумд явж цалин авах сонирхолтой байдаа. Гэтэл шалгалтын комиссынхон “10-н жилд суралцах таван хүүхдийн хуваарь ирсэн. Энэ хүүхэд сурлагаараа 2-т жагсаж байгаа болохоор техникумд өгөхгүй” гэхэд нь би зөрүүдлээд хөдөө гарчихсан тэмээ хариулж байсан юм. Тухайн үед ээжийн маань ах Монцамэд ажилладаг байсан. Ах гэрчилгээг минь харчихаад ийм хүүхэд тэмээ хариулж болохгүй гээд намайг хот аваад явсан юм. Ахын маань надад санал болгосон хоёр мэргэжил нь Худалдааны техникумын нийтийн хоолны анги, нөгөөх нь Анагаах ухааны дунд сургуулийн Эрүүл ахуйн анги байж таараад би анагаахыг нь сонгосон юм. Анх энэ салбарт хөл тавьсан түүх ийм.
Үүний дараа сумын ариун цэврийн халдвар судлалын улсын байцаагчаар ажиллаж эхэлсэн. Энэ үед ээж маань элэгний хорт хавдраар өвчилсөн байсан учраас ээжийгээ гэртээ хэсэг сахисан. Анагаахын дунд сургуулийг онц дүнтэй төгссөн гэхээр хүмүүс их л том хүн гэж хүлээж авдаг байсан ч би чинь үнэндээ эмчилгээгээ ч мэддэггүй байлаа. Ердөө даралтыг нь үзэж, өвчин намдаагч л тарьдаг байсан. Тэгээд ээж минь нас барахдаа “Миний хүү хүнд тус болохын тулд хүн эмчилдэг хүн болоорой” гэж захисан. Тэр үе 1977 оны гуравдугаар сар байсан. Тэгээд тус оны зургадугаар сард шалгалт өгөөд Анагаахын их сургуульд хүний их эмч болохоор орж байсан түүхтэй.
-Харин хэрхэн яаж зохиолч, сэтгүүлч болсон юм бэ?
-Оюутан байхдаа уран зохиол, шүлэг, яруу найргаар оролдох их дуртай хүүхэд байсан гэдэг. 1990 оны хувьсгал гарах үеэр н.Энхдалай гэдэг мундаг эмч, сэтгүүлч хүн намайг хэвлэлийн газар татаж авчирч байсан юм. Ингээд эмч байснаа багш болоод сүүлдээ сэтгүүлч, зохиолч болсон доо.
Ер нь олон улсад анагаах ухааны сэтгүүл зүй гэж байдаг юм билээ. Үүнийг монголд нутагшуулах ажлыг багаараа 1982 оноос хойш зүтгэсэн. Эхэндээ хэн ч биднийг хүлээж аваагүй ч сүүлдээ олон улсын тухайн байгууллагуудтай харьцаа үүсгээд ирэхээр хүлээн зөвшөөрөх хандлага бий болж эхэлсэн. Яагаад гэвэл анагаах ухааны мэдлэгийг нийтийн хүртээл болгож, мэргэшүүлж сургах шаардлага тулгарсан юм. Тэгээд зүтгэсний эцэст эрүүл мэндийн сэтгүүл зүйн анхдугаар форумыг өнгөрсөн жил зохион байгуулж чадсан. Үүнээс хойш хүлээн зөвшөөрдөг болж, СУИС-ын сэтгүүл зүйн багийнхан эрүүл мэндийн сэтгүүл зүйгээр эрдэм шинжилгээний хурал хийсэн. Энэ бол бидний хийсэн ажлын нэг үр дүн гэж ойлгож байгаа. Цаашдаа ч хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа.
-Эрүүл мэндийн бүхий л салбарт ажилласан хүний хувьд Монгол Улсын анагаахын салбар хаашаа чиглэж байна гэж бодож байгаа вэ?
-Эрүүл мэндийн салбар бол дэлхийн хамгийн их анхаарал татдаг салбарын нэг байсаар байна. Өмнө нь би Францын хоёр эмчээс сэтгүүлчээс авч байсан юм. Тэд монголын хөдөө, орон нутгийн эмнэлгүүдээр явж үзээд “Монгол эмч нар ямар мундаг юм бэ. Манай улсад бүхий л зүйлийг лабораторийн шинжилгээгээр шинжилж үзээд оношилж тогтоодог бол энд эмч хоёр чихээрээ чагнаж, таван хуруугаараа тэмтэрч үзчихээд өвчнийг яг таг оношилж чадаж байна” гэж магтаж байсан юм. Тэгэхээр монгол эмч нарын чадвар бол мундаг, гэхдээ лабораторийн тоног төхөөрөмж, хагалгааны багаж хэрэгсэл хангалттай бус байна.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа нэг асуудал нь социализмын үеийн ард иргэд өвчлөөд ирвэл бид эмчлээд өгье гэсэн сэтгэлгээнээсээ огт салаагүй явдал юм. Тиймээс таны эрүүл мэндийг хүн хамгаалахгүй, та өөрөө хамгаална гэдэг ухагдахууныг суулгаж өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсролыг гар утас шигээ хэрэглээгээ болгох шаардлагатай. Тэгэж чадвал өөрийгөө болоод өрөөл бусдыг ч хамгаалж чадна. ДЭМБ өвчилсөн хойно нь эмчилнэ гэдэг нь үр дүн багатай, өртөг зардал ихтэй арга хэлбэр учир өвдөөгүй байхад нь өвчин тусахгүй байх аргыг тэдэнд сургах нь эрүүл мэндийн байгууллагын гол зорилго юм гэж тодорхойлсон байдаг. Мөн Паул Врик гэдэг хүн “Өвдөнө гэдэг чинь гэмт хэрэг шүү. Гэмт хэрэг хийхгүйн тулд өвдөхгүй байх хэрэгтэй” номондоо бичсэн байдаг.
Монголчууд хамгийн наад зах нь 90 хувь нь шүдний өвчнөөр өвчилсөн байна. Тиймээс өвдөхгүй байх талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Сингапур, Тайланд зэрэг Азийн бар орнуудын иргэд хэрхэн өвдөхгүй байх вэ гэсэн сургалт, семинарт мөнгө төлж суудаг. Тухайн төлбөр нь өвдсөнийхөө дараа эмнэлэгт хийлгэж байгаа эмчилгээнийх нь төлбөрийн ердөө 10 хувьтай тэнцдэг юм билээ.
Гуравдугаарт, эмнэлэг төвтэй тогтолцооноос хүн төвтэй тогтолцоо руу л шилжих хэрэгтэй. Энэ нь эмнэлгийг шүтэж явахаас иргэддээ өвчтэй нь тэмцэх дархлааг бий болгох аргуудыг зааж өгөх юм.
-Таны хэлснээр насанд хүрсэн хүмүүс гэлтгүй хүүхдүүд архаг өвчинд өртөх болж?
-Үүний учир шалтгаан нь нэгдүгээрт, хоол хүнстэй холбоотой. Хоёрдугаарт, дархлаа, гуравдугаарт, орчин нөлөөлж байна. Дөрөвдүгээрт, хүн амаа чийрэгжүүлэх тал дээр анхаарахгүй байна. Дээр үед бид хүүхэд байхаасаа морио унаад малаа хариулдаг байсан. Харин одоо хүүхдийн эрх яриад, хөдөлмөрийг нь мөлжиж болохгүй гээд их юм ярих болж. Би үүнийг эсрэг байр суурьтай байдаг. Энэ чинь багахан хэмжээний гимнастик байсан юм шүү. Үүний зэрэгцээ компьютер гэж нэг аюул бий. Хийх юм байхгүй юм чинь тэрүүгээр тоглохоос өөр аргагүй. Өчнөөн хүүхэд түүнд донтож байна. Донтсоныхоо хэрээр татаж унаж байна. Мөн манайханд ажил хийе гэсэн сэтгэлгээ алга. Энэ нь адаглаад таргалалтыг үүсгэж байна шүү дээ.
-Сүүлийн үед эмч нарын талаар сайн зүйлээс гадна саар зүйлс мэр сэр дуулдах болж. Та ахмад эмчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Эхлээд хахууль авдаг гэх асуудлын хувьд эмч нарт буруу бий, өвчтөнд ч буруу бий. Хэрэв мөнгө өгөхгүй бол би чамд эмчилгээ хийхгүй гэж нэг ч эмч хэлэхгүй байх гэж бодож байна. Тэд чинь тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Гэхдээ тэр эмч “юм” өгвөл авчихдаг л байхгүй юу. Тэгэхээр аль аль талдаа л буруутай гэсэн үг. Нэгэнт улс мөнгийг нь өгөөд цалингаа авч байгаа хүнд баярлалаа гэж талархсан сэтгэлээ илэрхийлж мөнгө өгөх ямар хэрэг байна. Одоо бүр жишиг тогтсон явдал ч байгаа гэсэн. Тэр бүх зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Тэрнээс биш юм өгсөнд нь сайн үйлчилдэг, юм өгөөгүйд нь муу үйлчилдэг гэдэг зүйл байхгүй байх. Өвчнийхөө хүнд хөнгөн байдлаас л шалтгаалж эмчилгээгээ хийнэ шүү дээ.
Харин эмч нарын чадварын хувьд, сайн эмч болохын тулд 6-20 жил шаардлагатай байдаг. Тиймээс бэлтгэж эхэлж байхдаа тэдэнд анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, эмч болъё гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа АУШУИС-т тэнцээгүй хүүхдүүд хувийн сургуульд эмч болъё гэж ирцгээдэг. Зарим нь үнэхээр зүтгээд хичээгээд чадвар нь хүрэхгүй байх тохиолдол гардаг. Ийм зүйлийг багасгах хэрэгтэй. Мэдээж хүний сурах эрхийг хязгаарлаж болохгүй ч хүний эрүүл мэндтэй холбоотой энэ чухал салбарт зааг хязгаар тогтоож өгөх хэрэгтэй гэж бодож байна.
Гуравдугаарт, АУШУИС-д хүртэл эмчилгээний бааз алга байна. Одоо л баригдах сурагтай байгаа болохоос хзээ баригдаж, ашиг тусаа өгөхийг нь хэн ч мэдэхгүй. Гадны орнууд бүгд анагаахын сургуулиуд нь хажуудаа эмчилгээний эмнэлэг, баазтай. Тэндээ эмчилгээ, эрдэм шинжилгээний ажил, судалгаагаа хийж жинхэнэ төгс мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байна шүү дээ. Энэ жишгийг л монголд бий болгох хэрэгтэй.