Олны танил эрхмүүд утааны эсрэг бодитой алхам хийж утааны голомтод ажилладаг хүмүүст халуун сүү өгөх аянд нэгдлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн өндөр түвшинд хүрдэг үеэр утааны талаар ам уралдуулан ярьцгаадаг ч хүйтний эрч суларч, утаа багасхад мартдаг. Харин Facebook дээрх ээжүүдийн нэгдэл болох Mommy Central группийн үүсгэн байгуулагч Мандухай гадаа дулаарч байгаа ч ТҮК-ийн ажилтнуудад халуун сүү өгснөөр “Хордлого тайлах Халуун сүү” аяныг эхлүүлжээ.
Түүний санаачилгыг олны танил урлаг, соёлынхон дэмжиж Д амин дэмээр баяжуулсан сүүг өөртөө төдийгүй, гэр бүлийнхэн, ойр тойрныхондоо халааж өгөхийг уриалаад байгаа юм. Одоогоор энэхүү аянд жүжигчин Баярмагнай, Цэнгэл, Батуушка, Шинэбаяр, хийлч Дээгий, дуучин Ганболор, NMN, Sweet Kitchen грүпийн Тэмүлүн нар нэгдэж утааны эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулжээ.
Сонирхуулахад, Д амин дэмээр баяжуулсан сүүний биед хуримтлагдсан хордлого тайлах чанар энгийн сүүнээс илүү байдаг гэнэ. Үүнээс гадна эмийн бэлдмэлээр дамжуулан амин дэм авах нь ходоод гэдсэнд их бага хэмжээний ачаалал үүсгэдэг бол өдөр тутмын хоол хүнсээрээ дамжуулан амин дэмээ нөхөх нь илүү үр дүнтэй арга юм.