Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлснээр улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтойг эмч нар хэлж буй. Өөрөөр хэлбэл, монголчуудын хавдрын өвчлөлийн 39.1 хувийг элэг, 14.7 хувийг ходоод, 6.6 хувийг улаан хоолойнх эзэлж буй бөгөөд энэ нь нийт хавдрын 60 хувь юм. Ходоодоо дурандуулснаар улаан хоолойгоо ч эрүүл, эсэхийг мэдэж болно. Ингэснээр зонхилон тохиолдож буй хорт хавдрын нас баралтын тоог бууруулах боломж бүрдэх юм.
Хавдар судлалын үндэсний төв, БНСУ-ын Хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээг өнгөрсөн бямба гаригт байгуулав. Гэрээ байгуулснаар хоёр улсын эмч нар Хорт хавдар судлалын судалгаа, шинжилгээний баг байгуулж, Монголын залуу эмч нарыг тус улсад мэргэшүүлэх гэнэ.
Энэ тухай ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Иргэд ходоодоо дурандуулахаас айдаггүй байх нь чухал. 2017 онд аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийг ходоод дурандах багаж хэрэгслээр бүрэн хангах, Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийг Засгийн газрын анхааралд оруулж, эрэгтэй 40, эмэгтэй 35-аас дээш настай хүнийг жилд нэг удаа ходоодоо дурандуулах ёстой гэсэн зөвлөмж өгөх зэргээр ажиллахаар төлөвлөсөн. Дөнгөж хавдартай болж байх үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй учраас тогтмол үзлэг шинжилгээ өгөх нь чухал” гэсэн юм.
Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх УИХ дахь лообий бүлгийн гишүүн Я.Содбаатар “Хавдрын өвчлөлийн хоёрдугаарт орж буй ходоодны хорт хавдартай тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь эрт илрүүлэх явдал. Тиймээс Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэлтийг хөтөлбөр баталж, улсын төсвөөс санхүүжүүлж, иргэдээ бүрэн хамруулах хэрэгтэй” гэв.
Харин БНСУ-ын Хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн Хан Ван Ян “Бид Ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөр боловсруулж, хэвлэлээр дамжуулан олон нийтэд уг өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх тухай зөвлөгөө мэдээллийг хангалттай өгснөөр нас барах хүний тоог бууруулж чадсан. Манай улсад бамбай булчирхайн хорт хавдар нийт хавдрыг тэргүүлдэг. Үүний дараа бүдүүн шулуун гэдэс, ходоодны хорт хавдар ордог. Харин Монголд ходоодны хорт хавдрын өвчлөл тэргүүлж буй нь анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна” гэв.