Ханиад, томуугийн дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдүүдэд 10 нэрийн 30 төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлсөн үнээр олгоод сар гаруй болж байна. Тэгвэл энэ ажлын үр дүн ямар байгааг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар даатгалын гэрээтэй 808 эмийн сангаар дамжуулан 29.440 хүүхдэд 457 сая төгрөгийн эм олгожээ. Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 5-ныг дуустал нийт 170.525 хүн амбулаториор үйлчлүүлсний 11.864 буюу долоон хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
Энэ нь сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлт болохыг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Амарзаяа хэлэв. Мөн энэ долоо хоногт нийслэлд амбулаторийн нийт үзлэгийн 5.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар буурсан дүн аж.