Монгол Улсын хэмжээнд 2015 онд 557 амьгүй төрөлтийн тохиолдол бүртгэгдэж, 21 эх, 1234 нялхас эндсэн бөгөөд үүний 60 хувь нь перинаталь буюу жирэмсний үеийн эмгэгээс үүдэлтэй гэсэн харамсалтай мэдээг “Гэрэлт ирээдүй” төслийн багийнхан өчигдөр танилцууллаа.
Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийн талаас илүү нь мөн ийм шалтгааны улмаас хорвоог орхидог гэсэн судалгаа ч байдаг тул эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад жирэмсний үеийн хяналтыг сайжруулах зайлшгүй хэрэгтэйг тэд онцолсон юм.
Тиймээс тэд Улсын хэмжээнд жирэмсний хяналтыг хариуцдаг төв эмнэлгүүдтэй хамтран “Эрүүл жирэмслэлт” төсөл боловсруулж, хэрэгжүүлээд эхэлжээ.
Уг төслийн хүрээнд “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд, Эрүүл хүүхдээс-Эрүүл Монгол” гэсэн уриан дор охид, эмэгтэйчүүдэд жирэмсний үеийн хяналтын ач холбогдлыг ойлгуулах, эрүүл жирэмслэлтийн талаар мэдлэг олгох гарын авлага хэвлүүлэн тараах юм байна.
Мөн үндэсний хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулахад эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудад хэрэглэгдэх баримтат кино, нэвтрүүлэг хийхээр төлөвлөжээ. Эдгээр нь зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, түүний гэр бүлийн гишүүд болон ойр орчмын хүмүүсийн үүрэг хариуцлага ямар байх ёстойг ч тодорхойлох аж.