Хүн гэртээ хамгийн аюулгүй, ая тухтай, тайван амгалан байдаг гэх бодлыг минь саяхны нэгэн судалгаа орвонгоор нь эргүүлж орхив. Гэртээ галладаг зуухтай айл өрхийн гишүүд өвлийн цагт гадаа явж байгаагаас ч илүү нүүрсний угаар, хорт бодисоор амьсгалдаг ажээ. Энэ судалгааг байгаль орчны шинжилгээний “Ногоон титэм” лабораторийнхон хийсэн байна.
Тэгэхдээ агаарын бохирдлын түвшин хамгийн өндөр гэгддэг Сонгинохайрхан дүүргийн VIII хороо, Баянхошуунд оршин суудаг, байшинтай нэг айлыг сонгон, долоо хоногийн хугацаанд гурван цаг тутам гэр доторх агаараас нь дээж авч шинжилжээ. Харьцуулахад амрыг нь бодож, агаарын бохирдлыг хэмжих суурин харуулын ойролцоох айлыг зориуд сонгосон юм байна.
Туршилт явуулсан айл хоёр өрөөтэй бөгөөд гал тогооны буюу үүдний хэсэгтээ зууханд гал түлдэг, том өрөөндөө цахилгаан халаагуур тавьсан байжээ.
Байгаль орчны шинжилгээний “Ногоон титэм” лабораторийн химич Ж.Доржхандтай уулзаж ярилцлаа.
-Танайхаас өмнө нь ийм төрлийн судалгаа хийж байв уу?
-Эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нь хүний эрх шүү дээ. Тийм болохоор энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэдгийг мэдэх зорилгоор өмнө нь хэд хэдэн судалгаа хийсэн. Хамгийн сүүлд бид гэр хорооллын нүүрс түлдэг айлыг сонгон, өндөр настан, хүүхэд, хөхүүл эмэгтэйчүүд, 24 цагийн турш гэртээ байдаг хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалсан. Агаарын чанарын харуулын, тухайн айлын үүдний болон зочны өрөөний агаарын бохирдлын үзүүлэлтийг харьцуулж судалсан.
-Судалгааны үр дүнд та бүхэн юу олж “илрүүлсэн” бэ?
-Гал түлдэг айлын гэр доторх бохирдол гадаа байгаагаас ч илүү хортой, угаар, тоос, тоосонцор ихтэй, нүүрснээс ялгарч буй хүхэрлэг хийн хэмжээ өндөр байсан. Монголчууд хүхрийн өндөр агууламжтай, чанаргүй нүүрс түлдэг. Нүүрс уугьж улайсаад шатахүед тухайн орчинд маш их хэмжээний бохирдол дэгддэг. Байшинтай айл цонхоо онгойлгож агаар сэлгэх ёстой.
Тэгээгүй нөхцөлд хортой агаар гадагшлахгүйгээр гэр дотроо удаан байх магадлалтай. Цахилгаанаар халаадаг айлууд нүүрс түлдэггүй юм чинь утаа байхгүй гэж бодож болохгүй. Яагаад гэхээр гадаах бохирдол Баянхошуунд шөнийн цагуудад хүлцэх хэмжээнээс 4-5 дахин их, оройн цагаар 23.00-00.00 цаг хүртэл аажим ихсэхэд гэр доторх бохирдлын хэмжээ дагаад өндөр болдог.
-Танай судалгаа бодитой, зөв эсэхийг яаж мэдэх вэ?
-Манайх хувийн хэвшлийн лаборатори ч гэсэн олон улсын стандарт, аргачлалын дагуу энэ судалгааг хийсэн. Хоёрдугаарт, манай лабораториос анх удаа дотор орчны агаарт хийсэн судалгаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2008 онд энэ чиглэлээр судалгаа хийсэн байдаг. Түүнтэй харьцуулахад одоогийн түвшин шал өөр болжээ. Үүнийг хийхдээ нэг долоо хоногийн турш 200 гаруй дээж авч шинжилсэн.
Баянхошуунд хийсэн энэ судалгаа бол зөвхөн нэг өрхийнх. Улаанбаатар хотод 1.5 сая хүн амьдарч байгаа. Тэдний төлөөлөл болгож дор хаяж 300 өрхөд судалгаа хийх хэрэгтэй. Ингэснээр Улаанбаатарын иргэн хотын аль бүсэд ямар хэмжээний бохирдолд өртөж байгаа нь тодорхой болно.
Мөн агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд, цаашлаад дундаж наслалтад хэрхэн нөлөөлж байгааг судлах шаардлагатай. Тийм болохоор улс орны хэмжээнд дотор орчны бохирдлыг судлах зайлшгүй шаардлага үүсээд байгаа гэдгийг гаргаж тавьснаараа энэ судалгаа онцлог.
-Лабораторио хэзээ байгуулсан бэ?
-Манай компани 2010 онд байгуулагдсан. 2014 оноос агаарын чанарын шинжилгээ, судалгаа, бохирдлын тархалтыг судлах, түүнийг тодорхойлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Агаар дахь дэгдэмхий органик бохирдуулагчид гэж байдаг. Түүнийг Монголдоо тодорхойлох анхдагч лаборатори нь манайх.
Энэ ажлынхаа хүрээнд нэлээд хэдэн судалгаа хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч болох NO2 СО2 буюу азотын давхар исэл, хүхэрлэг хий, хүхэрт устөрөгч, озон, бензол зэрэг органик нэгдлийг судалдаг.
-Хувь хүмүүс, байгууллагуудаас танайд ихэвчлэн ямар захиалга ирдэг вэ?
-Эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэдгээ мэдэх зорилгоор дотор болон гадаад орчны агаараа шинжлүүлэхээр хувь хүмүүс бидэнд ханддаг. Мөн байгууллагууд бас их захиалга өгдөг. Жишээ нь, байнга будагч бодис хэрэглэдэг, гагнуур хийдэг авто засварын газрууд байна. Сүүлийн үед яригдаад байгаа нэг асуудал бол шинэ байрны үнэр. Будаг нь ханхалсан гоё байр гэж ярьдаг.
Яг үнэндээ энэ будаг хүний биед ямар хортой вэ гэдгийг хүмүүс мэддэггүй. Барилгын замаск, мод, модон эдлэл, паркетан шал зэргээс үүсэж байгаа дотоод орчны агаарын бохирдлыг шинжлүүлэх сонирхолтой иргэд бидэнд ханддаг.
Цаг
Долоо хоногийн хугацаанд хийсэн судалгаагаар гэр доторх агаарын бохирдол хамгийн өндөр үе нь шөнийн 03.00 цаг байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн цагт гал түлдэг үүдний өрөөний агаарын бохирдол 433.1 мк/м3 гэсэн үзүүлэлттэй байсан бол гадаах суурин харуул 246 мк/м3, зочны өрөөнийх 164.1 мк/м3 байжээ. Агаарын бохирдол хамгийн бага үзүүлэлттэй гарсан үе нь өглөөний 06.00 цаг аж.