“Маргааш эмнэлгээс гарна” гээд нүүрэндээ баяр жаргалын мишээл тодруулсан нэгэн бүсгүйтэй Хавдар судлалын үндэсний төвд уулзсан юм. Хувь хүний нууцыг хүндэтгээд, нэрийг нь товчлон М гэе. Тэрбээр 47 настай. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас ирсэн М өндгөвчний хорт хавдраа дурангаар авахуулаад, өдгөө эрүүл саруул болж, нутаг усныхан, ахан дүүстэйгээ уулзахаар бөөн баяр суугаа нь энэ.
Хоёр хоногийн өмнө тийм том хагалгаанд орсон гэхээргүй, хөнгөн шингэн гэж жигтэйхэн түүнийг хараад эхэндээ гайхлаа. Үнэндээ түүний гэрийнхэн ч гайхах, баярлах зэрэгцээд, “шок”-ноосоо бүрэн гарч чадаагүй байгаа гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хөхний хорт хавдартай гэсэн оноштойгоор Улаанбаатар хотыг зорьсон М алтан гартай эмч нарын буянаар аюулт өвчнөөс арайхийн салсан ч үхэх, сэхэхийн дэнсэн дээр хөндөлдсөн бас нэгэн том даваа урд нь отож байжээ.
Ээжийгээ өндгөвчний хорт хавдартай гэдгийг мэдсэн тэр өдөр ёстой л аянганд ниргүүлэх шиг балмагдсанаа хоёр хүүхэд нь ярилаа.
Гэтэл одоо тэд эрхэм хүнээ цоо эрүүл болгоод, дагуулаад харих гэж байна. “Намайг хагалгаанд орсон оройдоо ямар ч нэг зовиургүй алхаад эхлэхэд гэрийнхний маань сэтгэл онгойсон гэдэг. Хүүхдүүд маань “Ээж ийм хурдан эдгэчихэж байгаа юм уу” гээд итгэж ядаад байгаа юм. Дурангийн хагалгааг сонгосон нь зөв шийдвэр байлаа. Эндхийн бүх эмч, сувилагч, асрагч нарт маш их баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн энэ ээж өгүүллээ.
2016 ОНД ДУРАНГААР ГУРВАН ШИНЭ ХАГАЛГАА ХИЙЖЭЭ
Өвчтөнд мэдрэгдэх зовиур хийгээд гэмтэл, шархны халдвар бага, харагдах талбай тод, зүслэг жижигтэй, эмнэлэгт хэвтэх хугацаа богино, мэс заслын дараах нөхөн сэргэлт хурдан, наалдац тогтдоггүй гэхчилэн дурангийн хагалгааны ач тусыг монголчууд нэг үеэ бодоход гайгүй мэддэг болсныг хавдрын эмч нар хэлж байна.
Цөс авахуулах төдийд хүртэл “Дурангаар авахуулбал яах бол” гэж эргэлзэж байсан хүмүүст хорт хавдрыг дурангаар авч болдог юм байна гэдэг итгэл үнэмшил төрүүлтэл манай эмч нар уйгагүй хичээж, ихийг хийсэн нь тодорхой. Таван жилийн өмнө энд бараг бүх хагалгааг нээлттэй буюу хэвлийн хөндийг 20-30 см зүсэж хийдэг байсан бол одоо дурангийн мэс заслын эзлэх үзүүлэлт нэмэгдэж, 13 хувьд хүрсэн гэнэ.
ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан өнгөрсөн 2016 онд дурангийн хагалгааны нэр төрлийг гурваар нэмэгдүүлж, эмчилгээний аргыг шинэ түвшинд гаргажээ. Тухайлбал, урьд нь дурангийн хагалгаа хийхэд 3-4 хэсэг газарт жижиг зүслэг хийгээд, нэгээр нь дурангаа, бусдаар нь туслах багажуудаа оруулдаг байсан бол ноднингоос тэгэхээ больжээ. Нэг оролттой хэвлийн дурангаар умайг бүхэлд нь хоёр дайврын хамт авах мэс заслыг эмчилгээнд нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхны үзэмж талаасаа ихээхэн таалагдаж буй гэнэ.
Үүнийг сонсоод арваад жилийн өмнө өндгөвчний хорт хавдар авахуулсан эгч маань “Гэдэснийхээ айхтар том сорвиноос ичээд би одоо хүртэл саунд орж чаддаггүй” гэж байсан нь эрхгүй санаанд оров. “Өвчнөөс нь л салгаж байвал зүслэг болоод сорвины том, жижиг байх хэнд хамаатай юм гэсэн сэтгэлгээгээр одоо цагт өвчтөнд хандаж болохгүй. Тиймээс бид хагалгааныхаа цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ өвчтөнийхөө гоо сайхан, сэтгэл ханамж гэдэг талаас нь давхар бодолцдог” хэмээн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Я.Дугарсүрэн онцолсон.
Мөн хэвлийн дурангаар умайг бүхэлд нь аарцгийн булчирхайн хамт авах төгс мэс заслын өнгөрсөн наймдугаар сард эмчилгээнд нэвтрүүлжээ. Умайн хүзүүний хавдар Монголд зонхилон тохиолддог хорт хавдрын дотор дээгүүр “давхидаг”. “Жилд умайн хүзүүний хорт хавдрын 330-350 тохиолдол манайд шинээр бүртгэгддэг. Тэднээс ойролцоогоор 100 гаруй хүнд нь хагалгаа хийдэг. Урьд нь бид умайн хүзүүний хоргүй хавдрыг дурангаар авдаг байлаа. Одоо эрт үеийн хорт хавдруудыг дурангаар эмчилдэг болсон” хэмээн тус тасгийн их эмч Н.Баасансүрэн ярилаа.
Хэвлийн дурангаар умайг бүхэлд нь авахын зэрэгцээ сэмж тайрах мэс заслыг өнгөрсөн оноос эхлэн ХСҮТ-д дурангаар хийдэг болсон гурав дахь шинэ арга гэнэ. Энэ бол монгол эмч нар дэлхий дахины анагаах ухаанд нэвтрээд буй ололт амжилт, дэвшилтэй хөл нийлүүлж буйн баталгаа аж.
Эмэгтэйчүүдийн хавдар умайн хүзүү, сав, өндгөвчөөр хязгаарлагдахгүй, сэмж, гол судас дагасан булчирхай гэх мэт хэвлийн хөндийн бусад эрхтэнд үсэрхийлдэг. Тиймээс зөвхөн тухайн нэг байрлалын хавдрыг дурангаар аваад зогсохгүй, гэдэс, сэмж тайрах, булчирхай түүх гэх мэт бусад эрхтэнийг ч давхар хамруулдаг болсон хамгийн сүүлийн үеийн арга технологи манайд нэвтэрсэнд талархаад баршгүй.
ДУРАНГИЙН ХАГАЛГАА ОЛОН ТАЛЫН ӨГӨӨЖТЭЙ
Хэрэв эрт үедээ оношлогдож л чадвал манай эмч нар эмэгтэйчүүдийн умайн хүзүү, өндгөвч, савны хортой болон хоргүй хавдрыг Монголдоо бүрэн эмчилж иржээ. Урьдын энэ уламжлал, туршлагыг орчин цагийн техник технологийн дэвшилтэй хослуулж буй тус тасгийн хамт олон тэр чигтээ шижигнэсэн залуусаас бүрддэг юм билээ. Урьд нь хэвлийн хөндий нээлттэй хийдэг байсан хагалгаануудын тал хагасыг нь ч болов тэд дурангийн арга руу шилжүүлэх гээд буй нь цаанаа учиртай аж.
Дурангийн хагалгаа зөвхөн өвчтөнд зовиур багатай байхаас гадна эдийн засгийн үр өгөөж ихтэй гэнэ. Наад зах нь өвчтөн эмнэлэгт хэвтэх ор хоног цөөн байхаас гадна боолт, өвчин намдаах эм, тариа бага хэрэглэдэг учраас багагүй хэмнэлт гарах нь ойлгомжтой. Гэхдээ одоогоор тус тасгийнхан хэдий хэмжээний төгрөг хэмнэснээ тооцож гаргаагүй байгаа гэсэн.
Хамгийн гол нь эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээ, оношилгооны чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цорын ганц тасаг учраас ор хоногийн эргэлт нь хурдан байх тусмаа дараа дараагийн өвчтөнүүдэд тустайг Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Э.Амарсанаа хэлсэн. Энэ бол мөнгөөр хэмжиж болохгүй үнэ цэнэ, ач холбогдол гэдэг нь дамжиггүй.
“Манай тасаг 23 ортой. Урьд нь орны эргэлт удаан байснаас болоод өвчтөнүүд дарааллаа хүлээж, цаг алдах тохиолдол их гардаг байсан. Хэвлийн нээлттэй хагалгаагаар хавдар авсан тохиолдолд дор хаяж 5-7 хоног тухайн өвчтөний биеийн байдлыг ажиглах, шархыг нь анихыг хүлээх болдог. Дурангийн хагалгааны хувийг жил ирэх тусам нэмэгдүүлснээр энэ асуудал харьцангуй гайгүй болж байна” хэмээн Э.Амарсанаа эмч учирлав.
Нэг хүн долоо хоногийн турш эзлэх байсан орон дээр хоёр өвчтөн хэвтүүлээд, хугацаа алдалгүй хагалгаа хийнэ гэдэг ямар чухал болохыг монголчууд сайн ойлгож буй биз ээ.
30 САЯ ТӨГРӨГ VS 300.000 ТӨГРӨГ
Нэгдүгээр сарын 9-нд умайн хүзүү, савны хорт хавдар авахуулсан 51 настай У биднийг ХСҮТ-д очих өдөр эмнэлгээс гарч таарсан юм. Улаанбаатар хотын унаган иргэн тэрбээр миомбуюу хоргүй хавдартай гэдгээ мэддэг байсан ч зовиургүй болохоор нь тоохгүй явж байгаад гэнэт цус алдаад, энд хүргэгдэж иржээ.
“Хорт хавдартай гэдгээ мэдээд “Амьдрал ингээд хөмөрчихдөг юм байх даа” гээд их цочирдсон. Гэр бүлийнхэн маань ийш тийшээ утасдаад, гадаадад хагалгаа хийлгэвэл ямар үнэ өртөгтэй байхыг судалж үзсэний эцэст Монголдоо дурангаар хавдраа авахуулахаар шийдсэн дээ. Миний хувьд жин ихтэй болохоор яадаг бол гэж эмээж байсан ч хагалгаа хийлгээд гурав хоногийн дотор эмнэлгээс гарах гэж буйдаа их баяртай байна” гэсэн түүний үгнээс бүх зүйлд үнэн голоосоо талархаж буй нь илт мэдрэгдэж байлаа.
2015 онд ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн хавдрын дурангийн эмчилгээнд нэвтэрсэн аргын ач тусыг тэр биеэрээ мэдрээд буй нь энэ.
Солонгост амьдардаг эгчийнх нь судалж мэдсэнээр бол У-д хийсэн шиг дурангийн хагалгааг тэнд 30 гаруй сая төгрөгөөр хийх байсан гэнэ. Тэгвэл Монголд дээрх хагалгааг зөвхөн багажийн үнээ тооцоод 1.2-1.3 сая төгрөгөөр л хийдэг. Гэвч манайхны хувьд энэ мөнгө бага биш дүн. Тиймээс өнгөрсөн долдугаар сараас эхлээд өндөр өртөгтэй хагалгааны зардлын 65-75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг болсон нь иргэдийн нуруун дээрх ачааг ихээхэн хөнгөвчилсөн, оновчтой шийдвэр гэдгийг зовлонг нь мэдэх эмч нар ч, өвчтөнүүд ч онцолж байв.
У-гийн хувьд сая хагалгаанд орохдоо 300-гаад мянган төгрөг төлсөн гэнэ лээ. Тэрбээр “Бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заавал хамрагдаж байгаарай. Өвчнөө бага дээр нь эмчлүүлж байх л хэрэгтэй юм байна шүү” хэмээн аминчлан захисныг уламжилъя. Та ч бас цаг алдаад яваа юм биш биз.
Монголд жил бүр хорт хавдар хэмээх аюулт өвчний 4000 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. ХСҮТ-ийн амбулаториор өдөрт дунджаар 250-300 хүн очиж, эмчилгээ, оношилгоонд хамрагддаг. Тэр дунд эмэгтэйчүүдийн умайн хүзүү, өндгөвч, савны хорт хавдар багагүй хувийг эзэлдэг. Харин тэднээс хэдэд нь М-ийнх шиг, У-гийнх шиг ус уух хувь тохиож, энэ шар байшингаас баяр хөөртэй харьдаг бол...
Эцэст нь тус тасгийн эмч нар нэг зүйл анхааруулсныг сануулахад илүүдэхгүй болов уу. Хүний аминаас илүү үнэ цэнэтэй мөнгө гэж байхгүй тул манайхны зарим боломжтой нэг нь Солонгос, Хятад гэх мэт гадаадын оронд очиж хавдраа авахуулах гээд бүр ч хохирч, ХСҮТ-д ирдэг тохиолдол цөөнгүй гэнэ.
Хаана эмчлүүлэх нь тухайн хүний эрхийн асуудал ч гэлээ гадаадынх л бол эмнэлэг болгон нь найдвартай гэсэн үг биш тул эрүүл мэнд, амь насаараа хохирохгүйн тулд эхлээд сайн судлах хэрэгтэй гэдгийг анхааруулсан шүү.