Хар тамхины аюул Монголд ороод ирсэн, олон залуу цагаан тахалд донтсон өнөө цагт манай улс эмчлэлгүй олон жил болж байгаа. Донтсон залууст шүүх баривчлах ял шийтгэл оноохоос өөрөөр албадан эмчлэх гэсэн ойлголт байдаггүй учраас суллагдмагцаа каннабис, гашиш, мөс, экстази гэх зэрэг мансууруулах бодисоо олж авч хэрэглэн, өөр хүмүүсийг уруу татан, дахиад л ял шийтгүүлэх тохиолдол нэг бус гарах болсон юм.
ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан мансууруулах бодист донтсон залуусыг эмчилдэг болох хэрэгтэй гэсэн саналаа холбогдох байгууллагуудад нь удаа дараа тавьдаг ч үр дүнд хүрсэн нь үгүй. Тэгвэл ЦЕГ-ын Сургалтын төвийнхөн мансуурагчдыг албадан эмчлэх төв байгуулах төслөө ХЗДХЯ-нд хүргүүлэхээр болсон гэнэ. Зураг төсөл нь бэлэн болчихсон бөгөөд төрийн дэмжлэг авах, эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр ЦЕГ-ын дэргэдэх хүүхдийн “Оч” зуслангийнхаа ойролцоох газарт хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүсийг албадан эмчлэх төв байгуулах санал хүргүүлээд байгаа аж. Заавал тэр зусланг түшиглэдэггүй юм аа гэхэд мансуурагчдыг албадан эмчлэх газар зайлшгүй байгуулах шаардлагатай болоод байгаа билээ. Төсөлд тусгаснаар донтогчдыг ногоо тарих, ургац хураалгах гэх зэргээр шүүхийн шийдвэрээр оноосон хугацаанд нь хөдөлмөрлүүлэхийн зэрэгцээ баруунд ашиглаж буй эм тариаг ч хэрэглэх талаар санал тавьж буй гэнэ.
Дашрамд дурдахад, 1970-аад оны дунд үед хүүхэд, залуус цавуу, гутлын тос, бензин үнэрлэх зэргээр мансуурч байсан бөгөөд үүнийг нь цагдан сэргийлэх байгууллага, Ардын боловсролын яам, МХЗЭ-ийнхэн хамтран ажиллаж, албадан хөдөлмөр эрхлүүлсний дүнд таслан зогсоож байжээ. Азийн зарим орон, тухайлбал Тайландад хар тамхичдыг албадан хөдөлмөрлүүлж эмчилдэг тогтолцоо одоо ч байдаг гэнэ. Тэгэхээр манайд ийм ажил хийх цаг нь болчихоод байгаа юм.