Дэлхийн 35 оронд салбартай “Ахиллис интернэйшнл” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газрынхан АНУ-ын Хиймэл хөлөн дээр гүйгчдийн холбоотой зөвшилцсөний үр дүнд тулгуур эрхтний бэрхшээлтэй монгол иргэдэд зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар хиймэл хөл хийж өгөхөөр болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийн, спортоор хичээллэхийг уриалдаг тус холбооны дэргэдэх протезын үйлдвэр нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа, хөл, гар, сонсголын бэрхшээлтэй мянга мянган хүнд итгэл найдвар бэлэглэжээ. Тэд манай улсын иргэдэд өвдөгнөөс доогуур болон дээгүүр тайралттай энгийн, гүйлтийн гэсэн хоёр төрлийн хиймэл хөлийг 3500- 9000 ам.доллароор хийж өгөх юм байна.
Мөн хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй “С” загварын хиймэл хөлийг 25 мянган ам.доллароор хийх аж. “Ахиллис Монгол” ТББ-ын тэргүүн О.Саранчулууны хэлж буйгаар бол Хиймэл хөлөн дээр гүйгчдийн холбооныхны хийдэг протез БНСУ, БНХАУ-ынхаас дөрөв дахин чанартай гэнэ. Тэрбээр энэ байгууллагаар дамжуулан сэлмэн хөл хийлгэж байжээ. Түүнтэй ижил зовлонтой, АНУ-д очиж хиймэл хөл хийлгэхийг хүсэж буй иргэд “Ахиллис Монгол” ТББ-д хандах боломжтой.