Хүн амын дунд зүрх, судасны өвчин “цойлсоор” байна. 2008 онд 10 мянган хүн тутмын 479 нь ийм өвчтэй байсан бол 2015 онд 949 болж нэмэгджээ. Энэ бол аймшигтай их тоо. Иргэд халдварт бус өвчинд ингэтлээ дарлуулж буй шалтгаан нь суурин иргэншлийн өнөөх л амьдралын буруу хэв маягтай холбоотой аж. Улсын гуравдугаар төв эмнэлэг үндэсний хэмжээнд мэдрэл, зүрх, судасны чиглэлээр дагнан оношилгоо, эмчилгээ хийдэг.
Улсдаа ганцхан байдаг, тус эмнэлгийн Зүрх, судасны төвийн дөрвөн тасаг нь 24 цагийн турш үйлчлүүлэгчдээр “тасардаггүй” нь өвчний тархалт ямархуу байгааг харуулах биз ээ. Гэхдээ саяхныг хүртэл чихрийн шижинтэй хүмүүсийн олонх нь хөлөө тайруулж, зүрхний өвчнөөр нас барах хүний тоо өндөр байв. Өнгөрсөн лхагва гаригт биднийг Зүрх, судасны төвд очиход нөхцөл байдал арай өөрөөр угтсан юм.
Тус төвийн дарга, Монголын зүрх, судасны эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Д.Мөнгөнчимэг “Монголчуудыг үхүүлж буй өвчнүүдийг сүүлийн 25 жил зүрх, судасны эмгэг тэргүүлж байгаа. Нэг үгээр хэлбэл салбарын хамгийн тулгамдсан асуудал энэ болоод байна. Гэхдээ бид уг өвчнөөр нас барагсдын тоог цөөлж чадсан.
Зургаан жилийн өмнө 10 мянган хүн тутмын 23.6 нь чимээгүй тахал гэгддэг эл эмгэгээр өөд болдог байсан бол 2015 онд 18.9 болж багассан. Энэ бол шат дараатай хийсэн олон ажлын үр дүн юм. Манай эмнэлэгт гадаадын олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг л дээ. Хамгийн үр дүнтэй нь “Зүрх, судасны төв” төсөл юм.
2001 онд Люксембургийн Засгийн газар Монголд нэг сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлснээр эл төсөл хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд бид энэ мөнгөөр байшин сав бариагүй. Алсын зайн анагаах ухааныг ашиглан, хот руу чиглэх хэт төвлөрлийг бууруулах зорилгоор зургаан аймгийг телемедициний сүлжээнд холбон, эмч нарыг сургаж, зүрхний ЭХО аппараттай болгосон. Уг ажил үр дүнгээ өгч эхлэнгүүт манай Засгийн газар Люксембург улсын Засгийн газарт хүсэлт тавьж, төслийн хоёр дахь санхүүжилт (2.4 сая евро)-ийг авч чадсан.
Өнөөдрийг хүртэл тус улс манайд 12.8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлээд байна. Төслийн II шатанд найман аймгийг тоног төхөөрөмжөөр хангах, ангиографи (судсан дотуур оношилж, эмчлэх) оношилгоо, зүрхний мэс заслыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан бол төслийн III шатанд 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүд цахимаар холбогдож, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай улсын Засгийн газар, ЭМЯ ч багагүй хөрөнгө оруулсан. Өдгөө төслийн IV шат (гурван сая евро)-ыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх гэж байна.
Тэд манайд анх төсөл хэрэгжүүлэхдээ шууд аппарат хэрэгсэл авч өгөөгүй. Байшингаар бол суурийг нь цутгаж, тоосгыг нь нэг нэгээр нь өрсөөр одоогийн Зүрх, судасны төвийг байгуулалцсан. Эхлээд эмч мэргэжилтнүүдийг маань тогтмол сургаж, тоног төхөөрөмжүүдийг үе шаттай шинэчилсэн. Энэ төслийг би 10 гаруй жил удирдаж байна. Хөндлөнгийн хүмүүс бус, эмч нар өөрсдөө гардан хэрэгжүүлсэн. Дотор нь ажилладаг, зовлон жаргалыг нь сайн мэддэг учраас бид хэрэгцээтэй зүйлдээ мөнгөө зарцуулсан. Тиймдээ ч олон улсын үнэлгээний баг төслийн үр дүнг “онц сайн” гэж үнэлсэн” хэмээн ярив.
Зүрх, судасны төв Зүрх судлал (35 ортой), Зүрхний шигдээс (20), Зүрх, судасны ангиографийн оношилгоо, эмчилгээ (4-6), Зүрхний мэс заслын (40) тасагтайгаас гадна амбулаториор төрөлжсөн мэргэжлийн эмч нар өдөр тутам үзлэг, шинжилгээ хийдэг. Тухайлбал, зүрхний хэм алдалт, зүрхний шигдээсийн дараах болон пейсмекерийн хяналт, зүрхний дутагдал, мэс заслын өмнөх ба дараах үзлэг, хяналтыг тасралтгүй явуулж буй аж. Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг “Эмнэлгийн даргын 2016 оны Б/43 дугаар тушаалаар Зүрхний хэм алдагдах өвчнийг эмчлэх электрофизиологийн лаборатори байгуулж, тоног төхөөрөмжийг нь ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн.
Ингэснээр эх орондоо анх удаа зүрхний хэм алдагдах өвчнийг эмчиллээ. Энэ нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан байдаг. 2016 онд нийт 42 хүнийг эмчилснээр бид гадаад руу урсах 539 сая төгрөгийг дотооддоо үлдээж чадсан. Мөн 103 хүнд пейсмекер суулгаж, 560 сая төгрөг хэмнэлээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгддэг зарим хэрэгсэл, протезийн төлбөрийн 75-80 хувийг санхүүжүүлж буй нь эмчлүүлэгч, тэдний ар гэрийнхнийг эдийн засгийн дарамтаас үлэмж хэмжээгээр чөлөөлж байна.
Тухайлбал, зүрхний хэм алдагдах өвчний эмчилгээний зардал 12-14 сая төгрөг. Гэтэл иргэд 2-4 сая төгрөг төлөөд л эрүүлждэг боллоо. Мөн пейсмекер суулгахад 6-11 сая төгрөг бол даатгалаас найм хүртэлх сая төгрөгийг нь дааж байна шүү дээ. Манай эмч нарын чадвар ч сайжирсан. Судасны мэс заслыг дурангаар, эмэнд тэсвэртэй, артерийн даралт ихсэх өвчний үед бөөрний мэдрэлийн судсыг түлэх, захын судсыг залгах (байпас), гол судасны цүлхэн, бөглөрлийг эмчлэх зэрэг шинэ технологи нэвтрүүлсэн. Чихрийн шижинтэй хүмүүс өмнө нь хөлөө тайруулдаг байсан бол одоо судас залгуулаад л тулгуур эрхтэнээ авч үлдэж байна” гэлээ.
Эднийд хэвтэн эмчлүүлэгсдийн 60 орчим хувь нь зүрхний дутагдалтай аж. Монголчууд бөөрний дутагдлыг сайн мэддэг ч зүрхнийхийг төдийлөн гадарладаггүй байна. III-IV шатандаа оношлогдвол хамгийн ихдээ таван жил амьдраад нүд “аньдаг” гэнэ. Зүрхний өвчтэйгөө мэдэлгүй, мэдсэн ч эмчлүүлэхгүй удвал ийм байдалд хүрдгийг Д.Мөнгөнчимэг дарга хэлсэн юм.
Өдгөө улсын хэмжээнд 6-7 мянган хүн зүрхний дутагдалтай гэж оношлогджээ. Өвчний эцсийн шатанд зүрх шилжүүлэн суулгуулах заалттай ч манайд ийм боломж байхгүй. Өндөр хөгжилтэй улс орнууд ч энэ технологийг нэвтрүүлэхдээ “зүрх нь үхдэг” гэх. Учир нь өрөөсөн бөөр, элэгнийхээ талыг донор болгоод өгдөг шиг тийм амар зүйл биш нь ойлгомжтой. Донорын олдоц, мэс заслын бэлтгэл, хагалгааны дараах хяналт зэрэгт маш их хугацаа ордог тул АНУ, Сингапур зэрэг улс өвчтөний зүрхийг хиймэл аппаратаар орлуулж эхэлсэн байна.
Нөгөөтэйгүүр зүрх, судасны өвчнийг бид шигдээсээр төсөөлдөг байсан цаг ард хоцорчээ. Хавхлагын болон төрөлхийн гажгууд, захын судасны эмгэг, зүрхний дутагдал зэрэг нь түүнээс ч аюултай аж. Зүрх бусад эрхтэнээ бодвол өвөрмөц, аминд халтай ч үхэж, сэхэхдээ тулбал амархан гэх. 2009 оны үед манай улс жилдээ 30-40 хүнд л зүрхний нээлттэй хагалгаа хийдэг байж. Шилжилтийн үед түүнээс ч цөөн хүнд тусламж үзүүлдэг байсан талаар Зүрх, судасны төвийнхөн хэлнэ лээ.
Энэ нь зүрхний мэс засалд хэрэглэдэг нэг удаагийн багаж, хэрэгсэл маш үнэтэй, эмнэлэгт хангамж муу байсантай холбоотой гэсэн. Тэгвэл өнгөрсөн онд л гэхэд ангиографи (судсан дотуурх мэс ажилбар)-аар 1980 хүнийг оношилж, эмчилж, 31 нэр төрлийн нээлттэй мэс заслыг 659 хүнд хийсэн байна.
Хөлийн шагай, шилбээр хавагнах, ердийн үед хийдэг ажилдаа түүртэх, амьсгаадах, хөлрөх нь зүрхний өвчнийг таних хамгийн энгийн шинж тэмдэг аж. Сүүлийн үед залуучуудыг зүрхний өвчинд нэрвэгдэх болсон талаар ярьж буй. Тэгвэл олонх нь төрөлхийн гажиг, хэм алдагдах, дамжуулах системийн эмгэгтэйгээ мэдэхгүй зүрхэндээ хэт их ачаалал өгснөөр шигдээс болдог байна. Фитнессээр хичээллэх, ууланд авирах, марафонд гүйх зэрэг нь ийм өвчтэй хүмүүст аюултай гэнэ. Тиймээс зүрхний өвчин тусахгүй байхыг ард иргэдэд сурталчлах, мэдээ мэдээллээр хангахад “Зүрх, судасны төв” төслийн IV шатны санхүүжилтийн тодорхой хувийг зарцуулах гэнэ.
“Дэлхийн жишгээр бол сая хүн тутамд зүрх, судасны нэг төв ажиллах ёстой ч манайх биеэ даасан, байгууллагын хэмжээнд ажилладаггүй. Тасаг, нэгжүүд нь эмнэлгийн энд тэнд байрладаг учир ирэх гурван жилд Зүрх, судасны төвийг тусад нь институт маягаар ажиллуулна” гэж Д.Мөнгөнчимэг дарга хэлэв. Мөн тэрбээр “Энэ ажлыг ЭМЯ дэмжиж байгаа. Өнөөгийн нөхцөлд байшин бариад “тусдаа гарах” боломжгүй ч төвийн хэмжээнд хэрхэн үр ашигтай ажиллахаа тооцож байна. Манайд гадаадад сураагүй эмч, сувилагч гэж үгүй. Зөвхөн энд ажиллаж буй 100 гаруй хүнийг оролцуулаад төв гэж нэрлээгүй. Бид 21 аймаг, есөн дүүргийн зүрхний эмч нартайгаа өдөр бүр цахимаар харилцдаг. Тэднийг ч мөн гадаадад сургасан.
Аймаг, дүүргийн эмнэлгүүд бүгд зүрхний ЭХО-той. Эргэлзэж тээнэгэлзсэн зүйл гарвал бидэнтэй холбогдож, оношоо баталгаажуулдаг. Эндээс бид орон нутгийн өвчтөнүүдийг эмээр эмчлэх, эсвэл хагалгаанд оруулахыг эсэхийг ярилцаж шийддэг. Шаардлагатай гэвэл хот руу ирүүлдэг. Өмнө нь ЭХО-д харуулах гэж хэдэн малаа зараад, ямар ч үр ашиггүй ирдэг байсан хүмүүс ч эрс цөөрсөн.
Нэг ёсондоо зайнаас өвчтөнийг оношилж, менежмент хийж байна. 2000-аад онд Монголд зүрхний хар, цагаан ЭХО аппарат ганцхан байсан. Тэр нь долоо хоног ажиллаад сар унтарчихдаг байж билээ. Өдгөө ард иргэдээ аль болох өвдөхгүй байхад нь анхаарах цаг ирсэн. Шигдээс болсноо мэдэхгүй явж буй хүн ч байна шүү дээ. Наад захын шинж тэмдгээр өөрийнхөө өвчнийг таньж сурмаар байна. Бид жил бүр өчнөөн мянган хүнд мэс засал хийж, Монголд эмчлэх боломжгүй заримыг нь эдгээж дөнгөж байгаа. Энэ бүхний эцэст нас барагсдын тоо цөөрлөө. Халдварт өвчин биш учраас монголчууд үүний эсрэг тэмцэж чадна. Уг тахлаар үхэхгүй байх боломжтой” гэж ярив.