Улсын хэмжээнд ханиад, томуу ихээр дэгдэн, нийслэлийн эмнэлгүүд хүний хөлд дарагдаад удаж байна. Өвчтөнүүдийн 80 хувь нь 0-5 насныхан тул гуравдугаар сарын 1 хүртэл хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагч нарт цалин (3-5 хоног)-тай чөлөө олгож эхэлсэн.
Мөн тав хүртэлх насныханд ханиадны 11 төрлийн эмийг үнэгүй олгохоор болоод буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодрууллаа.
-Ханиалга, бронхит дарах, дархлаа сайжруулах, цэр ховхлох үйлчилгээтэй найман эмийг амбулаториор, гурвыг нь хэвтүүлэн эмчлэх тасгаар олгоно гэсэн. Эцэг, эхчүүд эмийн үнийг хэзээнээс хөнгөлөх бол гэж хүлээж байна.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас 145 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй олгодог. Өдгөө ханиад томуу их байгаа учир зарим антибиотик, эмийг даатгалаас хөнгөлөх шийдвэр гаргасан. Нэн хэрэгцээтэй, ханиадны 11 төрлийн эмийн жагсаалтыг урьдчилсан байдлаар гаргаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлээд байна.
Энэ ажлыг хэрэгжүүлэхэд багагүй мөнгө шаардлагатай учир хугацаа орж байгаа. Гэхдээ бид шуурхай ажиллан, энэ сарын 10 гэхэд жагсаалтаа тодорхой болгож, хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. Жагсаалтад орсон зарим эм хасагдаж, нэмэгдэх байх. Учир нь ханиад, томуу гэдэсний халдварт өвчинтэй хавсрах тохиолдол гарч байна. Тиймээс гэдэсний эмийг ч жагсаалтад оруулсан.
-Хүүхдүүдэд зонхилон бичиж өгдөг эм жагсаалтад алга гэж зарим эцэг, эх гомдоллож байна. Эмийг хэрхэн сонгож байгаа вэ?
-Ханиад, томуу хүндэрсэн үед түлхүү хэрэглэдэг антибиотикуудыг сонгож байна. Өвчний шинж тэмдэг, тархалт зэргээс хамаараад ямар эм голчлон хэрэглэх нь өөр өөр. Цэр ховхлох, эсвэл халуун бууруулах эмийг түлхүү сонгох уу гэж бид ярилцаж байна. Олон улсад хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээнд үндсэн 10 төрлийн эмийг санал болгодог.
Тэдгээрээс заримыг нь хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад оруулсан. Олон нийтийн сүлжээгээр тархаад буй эмийн жагсаалт албан ёсных биш. Удахгүй тодорхой болно.